Хорих 461-р ангид хоригдож байсан иргэнд шаардлагатай эмчилгээ, үйлчилгээ хийгээгүйн улмаас амиа алдсан хэрэгт эмчийн ажиллах эрхийг 2 жилээр хасаж, СБД-ээс гарах эрхийг хязгаарлалаа

 Хууль эрх зүй
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин 46 сек
00
ubn-v2-media-2uiqy4rj-1.webp

Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Л.Р-г “эмнэлгийн мэргэжилтэн эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүйн улмаас хохирогч нас барсан” гэх гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

Шүүхээс Л.Р-д холбогдох хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжаар 2021 оны 10 дугаар сарын 22-ноос Баянгол дүүргийн 20-р хороо, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа цагдан хорих 461 дүгээр хаалттай ангид цагдан хоригдож байсан хоригдогч Д.Г нь “аюулхай орчмоор өвдөх, дотор муухайрах, бөөлжих, ходоод базалж өвдөх” зэргээр удаа дараа зовиураа хэлсээр байтал Цагдан хорих 461 дүгээр хаалттай ангийн нэгдсэн эмнэлэгт эмчээр ажиллаж байсан Л.Р нь өөрийн хариуцаж байсан хоригдогч Д.Г-ийн биед бодит үзлэг дутуу хийсэн, биеийн байдлыг дутуу үнэлсэн, хяналтдаа авч хэвтүүлэн эмчлээгүй, лаборатори ба дурангийн шинжилгээнд хамруулах арга хэмжээ аваагүй, нарийн мэргэжлийн эмчээс зөвлөгөө, мэргэжил арга зүйн туслалцаа аваагүй, эмнэлгийн тусламж үйлчилгээг чанартай хийж гүйцэтгээгүй зэргээр албан тушаалын тодорхойлолтод заасан үйл ажиллагааны алдаа гаргаж, улмаар тусламж үйлчилгээний хожимдол гарч хоригдогч Д.Г-ийн ходоодны архаг шархлаат өвчин хүндэрч, ходоодны шарх нь цоорч хэвлийн гялтангийн идээт үрэвсэл үүсгэн олон эрхтний дутагдалд орж Баянгол дүүргийн нэгдсэн эмнэлгийн эрчимт эмчилгээний тасагт эмчлэгдэж байгаад 2021 оны 11 дүгээр сарын 04-нд нас барсан болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогджээ.

Эмнэлгийн мэргэжилтэн эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх үүргээ хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр биелүүлээгүйгээс, эсхүл зохих ёсоор биелүүлээгүйгээс хохирогч нас барсан бол Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг аж.

Иймд шүүхээс шүүгдэгч Л.Р-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Эмнэлгийн мэргэжилтэн эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүйн улмаас хохирогч нас барсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тус зүйл, хэсэгт зааснаар эмчлэх үйл ажиллагаа явуулах эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хугацаагаар “Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хориглох” зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж шийдвэрлэжээ.