Э.Бат-Үүл: МАН-ын дарга Н.Учрал Я.Содбаатарын даалгавраар шинэ МАНАН зохион байгуулж, Ерөнхийлөгчийг УИХ-аас сонгодог өөрчлөлтийг хийх гэж байна

Улс төр
UBn team
Унших: 1 мин 20 сек
00
MPA PHOTO 2026-1-7974.webp

Хотын дарга асан Э.Бат-Үүл МАН-ын дарга Н.Учралыг Ерөнхий сайдын ажлаас нь яаралтай чөлөөлөх хэрэгтэй гэжээ. Учир нь "Сонгууль угтуулан Үндсэн хууль өөрчлөх яриа гарах бүрийд цаана нь шинэ МАНАН байгуулагдсан байдаг юм. Яг одоо тийм явдал болж байна. МАН-ын дарга Н.Учрал Засгийн тэргүүний эрх мэдлийг ашиглан, намынхаа ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатарын даалгавраар шинэ МАНАН зохион байгуулж, Ерөнхийлөгчийг УИХ-аас сонгодог өөрчлөлтийг хийх гэж байна.

Ерөнхийлөгчөө ард түмэн сонгодог эрх мэдлийг, хууль хэрэглэн хулгайлан аваад төрийн бүх эрх мэдлийг МАН-ын даргад шилжүүлэх гэж байна. Тэгвэл У.Хүрэлсүхийг “Монголын Орбан” болгон эргүүлж авчрах гэж байгаа тухай Буянгийн Жаргалсайханы битүү хардлага үнэн болж таарна!

Ингэж МАН ялагдлаа ялалт болгон хувиргах гэж байгаа луйврийг манай намын дарга О.Цогтгэрэл зөвшөөрч болохгүй. Манай намаас Ерөнхийлөгчид нэр дэвших гэж байгаа Н.Алтанхуяг, Л.Гантөмөр нар зөвшөөрч болохгүй. Бусад намаас нэр дэвших гэж байгаа Молор-Эрдэнэ, Буян Жаргалсайхан, Ганболд нар үүнийг зөвшөөрч болохгүй!

Ерөнхийлөгчид нэр дэвшигч бүрийн ард тэднийг дэмжихээр зэхэж байгаа олон мянган иргэд бий. Нэр дэвшихийг хүсэж буй лидерүүд дэмжигчдээ дагуулан талбай руу гарах хэрэгтэй. Та нар л чадна. МАН-ын дарга Н.Учралыг Ерөнхий сайдын ажлаас чөлөөлж сонгогчдынхоо эрхийг хамгаалах хэрэгтэй.

Ерөнхийлөгчийг УИХ-аас сонгодог болно гэдэг бол Ерөнхийлөгчийг УИХ-ын олонхийн гарт өгнө гэсэн үг. Өөрөөр хэлбэл, олонх болсон намын даргын гарт тушаана гэсэн үг. Унгарт Орбаны дарангуйлал, Гүржид Иванашвилийн дарангуйлал тогтсон шиг МАН-ын даргын дарангуйлал Монголд тогтоно гэсэн үгээ.

Намын даргын дарангуйллыг эргэж тогтоолохгуйн тулд л Ардын Хурлын депутатууд бид Ерөнхийлөгчийг ард түмнээс сонгодог байхаар Үндсэн хуульдаа тусган баталсан билээ" гэжээ.