284 мянган хүүхдийг эрт илрүүлэгт хамруулахаас 263 мянгыг нь хамрагджээ

Улсын хэмжээнд цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуульд суурилсан хүүхдийн эрүүл мэндийн эрт илрүүлэх үзлэг үргэлжилж байна. Арваннэгдүгээр сарын 27-ны байдлаар зорилтот бүлгийн 284,516 хүүхдээс 263,226 нь үзлэгт хамрагдаж, хамрагдалт 92.5 хувьд хүрчээ.
Энэхүү үзлэгийг Эрүүл мэндийн болон Боловсролын яам хамтран аравдугаар сарын 1-нээс арванхоёрдугаар сарын 1-нийг хүртэл зохион байгуулж байгаа юм. Үзлэгт цэцэрлэгийн 3 настнууд болон ерөнхий боловсролын сургуулийн 1, 6, 10 дугаар ангийн сурагчдыг хамруулж байна.
Үзлэгээр хүүхдийн өсөлт, хөгжил, биеийн ерөнхий байдал, хараа, амны хөндийн эрүүл мэндийг үнэлэхээс гадна насны онцлогт тохирсон нарийвчилсан үзлэг хийж буй. Тухайлбал, 3 настай хүүхдийн хөгжлийн болон аутизмын хүрээний эмгэгийн эрсдэлийг үнэлэх бол 6 настнуудад зүрхний цахилгаан бичлэг хийж, 11 настнуудын нурууны муруйлт, хавтгай тавхайг шалгана. Харин 15 настнуудыг сэтгэл зүй, бэлгийн бойжилтын хөгжлийн үнэлгээнд хамруулж байгаа аж.
Үзлэгийн эхний шатны мэдээллээр шүдний өвчлөл хүүхдүүдийн дунд түгээмэл илэрч байгааг албаныхан мэдээлж байсан. Тухайлбал, аравдугаар сарын 23-ны өдрийн байдлаарх эрт илрүүлгийн дүнгээр дунд эрсдэлтэй гэж үнэлэгдсэн хүүхдүүдийн дунд шүдний өвчлөл зонхилж байжээ. Харин өндөр эрсдэлтэй бүлэгт хөгжлийн хоцрогдол, биеийн жингийн өөрчлөлт түгээмэл илэрсэн байна.
Хамрагдалтын хувиар Баянхонгор аймаг 95.3, Дорноговь 93.3, Хэнтий 92.6, Сэлэнгэ 91, Дундговь аймаг 90.7 хувийн үзүүлэлтээр тэргүүлж байна.
Хүүхдүүдийн эрүүл мэндийн эрт илрүүлгийн нэгдсэн үр дүн, насны бүлэг тус бүрээр илэрсэн өвчлөл, эрсдэлийн мэдээллийг үзлэг дууссаны дараа нэгтгэн танилцуулах юм. Эрт илрүүлэг арванхоёрдугаар сарын 1-нийг хүртэл үргэлжилнэ.


