Өнөөдрийн тоглолтоор Монголын шигшээ баг хэсгийн тэргүүлэгч Хонконгийн багийг буулган авч чадах уу

Монгол Улсын сагсан бөмбөгийн үндэсний шигшээ баг өнөөдөр FIBA Asia Cup 2029 тэмцээний урьдчилсан шатны хоёрдугаар шатны тав дахь тоглолтоо Хятадын Хонконгийн шигшээ багтай хийнэ.
Тоглолт Улаанбаатар хотын M Bank Arena-д 19:00 цагт эхэлнэ. Одоогоор Хонконгийн шигшээ баг F хэсгийг тэргүүлж байгаа юм.
Тус тэмцээний урьдчилсан шатны хоёрдугаар шатанд нийт 12 баг хоёр хэсэгт хуваагдан өрсөлдөж байна. F хэсгийн тоглолтуудыг Монгол Улс хүлээн авч, арваннэгдүгээр сарын 26-30-ны өдрүүдэд Улаанбаатар хотод зохион байгуулж байгаа юм.
F хэсэгт Монгол, Хонконг, Индонез, Малайз, Тайланд, Фижи улсын шигшээ багууд багтжээ.
Хэсэг тус бүрээс эхний дөрвөн байр эзэлсэн баг 2029 оны Азийн цомын сонгон шалгаруулалтын дараагийн шатанд шалгарах бөгөөд 2025 оны Азийн цомд оролцсон 16 багтай нэгдэн өрсөлдөнө.


