У.Хүрэлсүхийн отгон зарлигаар УИХ-ын хоёр гишүүн, ОБЕГ-ын дарга, Монголбанкны Ерөнхийлөгч тэргүүтэй улс төрд ойр долоон хүн Төрийн дээд шагнал хүртэв

Анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улсаа тунхагласны 102 жилийн ойг тохиолдуулан өчигдөр /11.26/ Ерөнхийлөгч асан У.Хүрэлсүхийн отгон зарлигаар Төрийн дээд шагнал, одон, медаль гардуулсан билээ. Эдгээрийн дунд нэр бүхий төрийн өндөр албан тушаалтнууд багтжээ. Эдгээрийг онцолбол,
ГАВЬЯАТ ЭДИЙН ЗАСАГЧ, Монголбанкны Ерөнхийлөгч С.Наранцогт
-Тэрбээр физикч, математикч мэргэжилтэй бөгөөд Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга, Эдийн засаг, хөгжлийн дэд сайд болон "Эрдэнэс Монгол" ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байгаад 2025 оны 12-р сарын 18-нд Монголбанкны Ерөнхийлөгчөөр томилогдсон.
ГАВЬЯАТ ХУУЛЬЧ, Дотоодын цэргийн штабын дарга асан Р.Чингис
-Эрх зүйч мэргэжилтэй тэрбээр ЦЕГ-ын дарга, Нийслэлийн Засаг даргын орлогч зэрэг албан тушаалуудыг хашиж байгаад 2021 онд Дотоодын цэргийн штабын даргаар томилогдсон. Гэвч Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын үед "Жагсаал зохион байгуулсан" гэх үндэслэлээр ажлаас нь чөлөөлсөн ч хууль бус шийдвэр гэж үзэн, 2025 оны 10-р сард ажилд нь буцаан томилсон.
Харин үүнээс хоёр сарын дараа Дотоодын цэргийн 05 дугаар ангийн цэргийн алба хаагчид нэгнээ зодож хүнд гэмтээсэн явдалд хариуцлага алдсан гэж үзэн, тухайн үеийн ХЗДХ-ийн сайд Б.Энхбаярын тушаалаар ажлаас нь чөлөөлж байв.
ГАВЬЯАТ ХУУЛЬЧ, Ерөнхий прокурор асан М.Энх-Амгалан
Тэрбээр 2015 оны хоёрдугаар сараас 2019 оны гуравдугаар сар хүртэл Улсын ерөнхий прокуророор ажилласан. Тодруулбал, 2019 оны гуравдугаар сарын 28-нд Ерөнхийлөгч Х.Баттулгын зарлигаар үүрэгт ажлаас нь огцруулж байжээ.
Тэрбээр 2019 оны нэгдүгээр сард ЖДҮХС-аас зээл авсан асуудалд нэр холбогдсон тухайн үеийн УИХ-ын гишүүн Б.Ундармаа, Г.Солтан, Л.Энхболд, Д.Дамба-Очир нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг УИХ-д оруулж ирж байсан удаатай.
-СҮХБААТАРЫН ОДОНТ, ОБЕГ-ын дарга Г.Ариунбуян
-Өмнө нь ОБЕГ-ын даргаар ажиллаж байсан Т.Бадрал БНХАУ-д суух Элчин сайдаар томилогдсон тул 2020 оны долоодугаар сарын 16-нд У.Хүрэлсүхийн Засгийн газрын тогтоолоор ОБЕГ-ын даргаар томилогдож байв. Түүнийг улс төрийн хүрээнд Ерөнхийлөгч асан У.Хүрэлсүхийн багын найз гэдэг.
-ХӨДӨЛМӨРИЙН БААТАР, УИХ-ын гишүүн Д.Рэгдэл
1976 онд Шинжлэх ухааны академиас ажлын гараагаа эхэлсэн тэрбээр 2009-2024 онд ШУА-ийн дэд Ерөнхийлөгч, Ерөнхийлөгчөөр ажиллаж байгаад 2024 оны сонгуулиар МАН-ын жагсаалтын тавдугаарт бичигдэж, УИХ-ын гишүүнээр сонгогдсон.
-ХӨДӨЛМӨРИЙН ГАВЬЯАНЫ УЛААН ТУГИЙН ОДОНТ, УИХ-ын гишүүн Д.Ганмаа
Хүний их эмч мэргэжилтэй тэрбээр АНУ-ын Харвардын их сургуульд судлаач, багшаар ажиллаж байгаад 2024 оны сонгуулиар МАН-ын жагсаалтын зургаадугаарт бичигдэн УИХ-ын гишүүнээр сонгогдсон.
ХӨДӨЛМӨРИЙН ГАВЬЯАНЫ УЛААН ТУГИЙН ОДОНТ, НИТХ-ын төлөөлөгч Ж.Батбаясгалан
2012 оноос хойш НИТХ-ын төлөөлөгч, Нийслэлийн Засаг даргын орлогч, Хотын даргын үүрэг гүйцэтгэгч зэрэг албан тушаалуудыг хашиж байсан бөгөөд одоо Хотын даргын ахлах зөвлөх, НИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдон ажиллаж байгаа юм. Тэрбээр 2004-2008 онд УИХ-ын гишүүн Т.Бадамжунайн туслах, бие төлөөлөгчөөр ажиллаж байсан бөгөөд түүний нөлөө, дэмжлэгээр улс төрд орж ирсэн гэж улс төрийн хүрээнд яригддаг.


