ТАНИЛЦ: Сүүлийн хагас жилд ажлаасаа "мултарсан" Засаг дарга нар

Улс төр
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин 43 сек
00
7bb32488-ab3c-49e3-8e66-1564cf12bbf5.webp

Монгол Улсын 21 аймаг, нийслэлийн есөн дүүргийн Засаг дарга нарын суудал сүүлийн саруудад багагүй савлагаатай байна. Ялангуяа сүүлийн 14 хоногийн хугацаанд гурван ч Засаг даргын суудал ганхаж, хоёр нь суудлаасаа унав. Тухайлбал,

НЭГ. Өнгөрсөн долоодугаар сарын 29-нд Баян-Өлгий аймгийн Засаг дарга Е.Зангарыг малын гоц халдварт өвчин буюу шүлхий өвчний тархалтын эсрэг дорвитой арга хэмжээ аваагүй, хуулиар хүлээсэн үүргээ хангалтгүй биелүүлсэн гэх үндэслэлээр ИТХ-ын шийдвэрээр огцруулсан. Үүнээс хойш тус аймаг дөрвөн сар гаруйн хугацаанд Засаг даргагүй байгаа юм.

ХОЁР. Увс аймгийн Засаг дарга Э.Насанбат нь хуурамч дипломтой болон тендер, худалдан авах ажиллагааны асуудалтай холбоотойгоор ИТХ-ын шийдвэрээр огцорсон. Үүнээс гадна улс төрийн нөлөөгөөр ч огцорсон гэж хэлж болно. Тодруулбал, Увс аймгийн МАН-ынхан Б.Чойжилсүрэнгийн тал, Ч.Хүрэлбаатарын тал гэж хоёр хуваагдан, Б.Чойжилсүрэнгийнхэн АН-ын Д.Цэндсүрэн тэргүүтэй төлөөлөгчидтэй хийлж Э.Насанбатыг огцруулсан гэдэг.

ГУРАВ. Чингэлтэй дүүргийн Засаг даргаар ажиллаж байсан Н.Мандуулыг нийслэлийн МАН-ын Бага хурлын өмнөхөн огцруулж, оронд нь "Г.Занданшатарын хүн" гэгддэг З.Төмөртөмөөг томилсон. Тэгвэл ажлыг нь авсан З.Төмөртөмөө Бага хурал руугаа орохдоо өгсөн яриандаа "Н.Мандуул зугтаж яваад тамгаа өгөөгүй. Би тамгаа орлогчоосоо авсан. Н.Мандуул төрийн мөнгөнөөс 100 сая төгрөг гаргаж намайг сошиалд муулуулсан байна лээ. Х.Нямбаатар дарга өөрөө Н.Мандуулыг огцруулсан" гэсэн. Тэгэхээр мөн л улс төрийн нөлөөгөөр огцорсон байгаа юм.

ДӨРӨВ. Сонгинохайрхан дүүргийн Засаг даргаар ажиллаж байсан Ц.Баттөр өөрийн хүсэлтээр ажлаа өгсөн гэж байгаа ч улс төрийн нөлөө орсон байх магадлалтай. Тэрбээр Х.Нямбаатарын хүн гэгддэг бөгөөд өмнө нь "Зорчигч тээвэр нэг" ОНӨААТҮГ-ын Гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан удаатай.

ТАВ. Хамгийн сүүлд уржигдар буюу энэ сарын 11-нд Булган аймгийн ИТХ хуралдаж, Засаг дарга Д.Пүрэв-Очирыг огцруулах шийдвэр гаргасан. Тодруулбал, хуралд оролцсон 26 төлөөлөгчөөс 14 нь буюу 53.8 хувь нь огцруулах саналыг дэмжиж, Д.Пүрэв-Очирыг Засаг даргаар томилсон анхдугаар тогтоолыг хүчингүй болгосон байна.

Түүнийг төрийн албанд гурваас доошгүй жил ажилласан байх хуулийн шаардлагыг хангаагүй, төрийн албан хаагчийн анкет болон намтартаа худал мэдээлэл тусгасан, аймгийн Засаг даргын мөрийн хөтөлбөрийн хэрэгжилт 55 хувьтай буюу хангалтгүй байсан гэж үзжээ.