Дөрвөн хүний амь хохирсон ослын буруутай жолоочийн жолоодох эрхийг 10 жилийн хугацаагаар хасаж, нэг жил хорих ял оногдуулжээ

 Хууль эрх зүй
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин 52 сек
00
ubn-v2-media-bf2kfq1s-2.webp

Сэлэнгэ аймгийн ... сумын Соёлын ордны танхимын эрхлэгч Л.Ю нь тус аймгийн ... суманд зохион байгуулагдах сургалтад оролцохоор соёлын ордны нэр бүхий 3 ажилтан, өсвөр насны 1 хүний хамт Ланд-100 загварын тээврийн хэрэгслээр  Шаамар сумын нутаг дэвсгэрт замын хөдөлгөөнд оролцож, замын эвдрэлийг тойрч гарах үедээ Замын хөдөлгөөний дүрмийн холбогдох заалтуудыг зөрчсөний улмаас осол гаргаж, 4 хүний амь нас хохирсон хэрэгт прокуророос Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2 дахь заалт (Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих)-ад зааснаар яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн.

Прокуророос Л.Ю-г орон нутагт томилолтоор явуулахдаа аюулгүй байдлыг хангасан тээврийн хэрэгслээр хангаагүй ажил олгогч “Соёлын ордон”, мөн Шаамар сумд харьяалагдах хатуу хучилттай авто замын засвар, бэлэн байдлыг хариуцсан “Сэлэнгэ АЗЗА” ТӨХК-ийг тус тус иргэний хариуцагчаар татсан байна.

Тус тээврийн хэрэгслийн жолооч Л.Ю нь Замын хөдөлгөөний дүрмийн дараах заалтуудыг зөрчсөн болох нь мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоогдсон байна. Үүнд:

-12.3 дахь заалт: “жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна”;

-12.1 дэх заалт: “жолооч хөдөлгөөний агаарын нөхцөл, эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна”;

-11.3 дахь заалт: "эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно”.

Сэлэнгэ аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхээс Л.Ю-г Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2 дахь заалт (Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих)-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, амь хохирогч нарын ар гэрт нийт 105.9 сая төгрөг төлснийг дурдаж, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 10 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэжээ.

Амь хохирогч (насанд хүрээгүй хүн) -ийн ар гэрээс нэхэмжилсэн мөнгөний үлдэгдэл 96.6 сая төгрөг, мөн хохирогч нарын ар гэрийн сэтгэцэд учирсан хор уршигт тус бүр 99 сая төгрөг, нийт 396 сая төгрөгийг шүүгдэгч Л.Ю болон иргэний хариуцагчаар татагдсан Сэлэнгэ аймгийн ... сумын “Соёлын ордон”, “Сэлэнгэ АЗЗА” ТӨХК-иас тус тус хувь тэнцүүлэн гаргуулахаар шийдвэрлэсэн байна.