10 аймгийн ДЦС-ын зээлийн гэрээг дуусгавар болгох ажлын явцыг хэлэлцэж байна

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар “10 аймгийн төвийн дулааны станц барих төсөл”-ийн зээлийн гэрээг дуусгавар болгох ажлын явцын талаар хэлэлцэж байна.
Уг төсөл нь БНСУ-ын “Эксим банк”-ны 148.7 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийн эх үүсвэрээр хэрэгжихээр 2019 онд эхэлсэн бөгөөд 10 аймгийн төвд дулааны станц барих зорилготой байсан юм.
Гэвч АТГ-ын мэдээлснээр уг төслийн зөвлөх үйлчилгээний гэрээний хугацаа дууссан, ажлын гүйцэтгэл хангалтгүй байсан гэх нөхцөл байхад тухайн үеийн Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Н.Тавинбэх гэрээний хугацааг сунгаж, зөвлөх үйлчилгээний төсвийг үндэслэлгүйгээр 2.6 сая ам.доллароор нэмэгдүүлсэн байж болзошгүй нөхцөл тогтоогдсон гэдэг.
Улмаар нэмэгдүүлсэн санхүүжилтээс 2.1 сая ам.доллар буюу тухайн үеийн ханшаар 7 тэрбум гаруй төгрөгийг Монголын аж ахуйн нэгжид олгосон бөгөөд уг компани нь Н.Тавинбэхийг Эрчим хүчний сайдаар ажиллаж байх үед түүний зөвлөхөөр ажиллаж байсан П.Товуудоржийн үүсгэн байгуулсан компани болохыг мөрдөн шалгах ажиллагааны явцад тогтоосон талаар АТГ мэдээлж байв.


