Жирэмсэн эмэгтэйг дөрвөн настай охиных нь хамт хөнөөсөн М.Батчулуунд бүх насаар нь хорих ял оноосон шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүх рүү буцаажээ

Жирэмсэн эмэгтэй болон бага насны хоёр хүүхдэд халдсан хэрэгт бүх насаар нь хорих ял шийтгүүлсэн М.Батчулууны хэргийг давж заалдах шатны шүүх хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаажээ.
Тодруулбал, М.Батчулуун нь энэ оны нэгдүгээр сарын 4-ний өдөр урьдын таарамжгүй харилцаатай байсан байдлыг далимдуулан С-ийн гэрт нэвтэрч, бага насны гурван хүүхэд болон жирэмсэн эмэгтэйд хутгаар халдсан хэрэгт холбогдсон юм.
Уг хэргийн улмаас бага насны нэг хүүхдийг алахыг завдаж, жирэмсэн эмэгтэй болон бага насны нэг хүүхдийн амийг хөнөөсөн үйлдэлд нь прокуророос яллах дүгнэлт үйлдэж, хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.
Анхан шатны тойргийн шүүх энэ оны тавдугаар сарын 6-ны өдрийн шийтгэх тогтоолоор М.Батчулууныг дээрх гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутайд тооцож, бүх насаар нь хорих ял оноосон байна.
Харин шүүгдэгч М.Батчулуун гэмт хэрэг үйлдээгүй гэх агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.
Давж заалдах шатны шүүх хэргийг бүхэлд нь хянаад, жирэмсэн эмэгтэйг онц харгис хэрцгийгээр, биеэ хамгаалах чадваргүй болон жирэмсэн болохыг нь мэдсээр байж хөнөөсөн гэх үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.7-д зааснаар тусад нь зүйлчлээгүй орхигдуулсан гэж үзсэн байна.
Улмаар уг алдааг давж заалдах шатны шүүх нөхөн шийдвэрлэх хууль зүйн үндэслэлгүй гэж дүгнэж, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн үндэслэлээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгожээ.
Иймээс хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасан бөгөөд М.Батчулуунд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэсэн байна.


