ТӨСӨВ 2027: 10–16 жил дамнасан барилгууд ирэх онд дахин санхүүжилт авна
.webp)
Оюутолгойн ногдол ашгийг хэрхэн зарцуулах тухай асуудал олон нийтийн анхаарлын төвд орж, улс төрийн хүрээнд "хэрүүлийн алим" дэгдээж байх зуур 2027 оны төсвийн гурав дахь хэлэлцүүлэг хаяанд тулж ирээд байна. Гэвч өнөөх төсвийн төсөл дунд нь бидний тэр бүр анзаараад байдаггүй олон жил дамнан хэрэгжиж буй төсөл хөтөлбөрүүд ээлжит санхүүжилтээ цохуулахаар багтаж орж иржээ.
Угтаа улсын төсвийн хөрөнгө оруулалт гэдэгт иргэдийн амьдралд бодит үр өгөөжөө өгөх сургууль, цэцэрлэг, эмнэлэг, дэд бүтцийн бүтээн байгуулалтыг санхүүжүүлэх учиртай. Гэтэл аль болох цөөн жилээр хэмжигдэх ёстой зарим барилгын ажил тав, зургаа бүр найм, есөн жил дамнан үргэлжилж, жил бүрийн төсөвт дахин дахин нэр нь бичигдсээр л.
Өөрөөр хэлбэл, нэгэнт эхлүүлсэн бүтээн байгуулалтаа дуусгахын тулд улсын төсвөөс жил бүр хөрөнгө хуваарилсаар байгаа ч иргэд тухайн барилга байгууламжийн үр шимийг хэзээ хүртэх нь тодорхойгүй хэвээр байна. Энэ хугацаанд барилгын материалын үнэ, ажиллах хүчний зардал өсөж, анх төлөвлөсөн төсөвт өртөг нэмэгдэх эрсдэл ч бий. Улмаар нэг төслийг хэт олон жил сунжруулан санхүүжүүлэх нь шинээр хэрэгжүүлэх бусад бүтээн байгуулалтын санхүүжилтэд ч нөлөөлж байгааг энд дурдах нь зүй.
Тэгвэл 2027 оны улсын төсвийн хөрөнгө оруулалтын төсөл хөтөлбөрийн жагсаалтад хамгийн олон жил дамнан хэрэгжиж буй ямар барилгууд багтав гэдгийг сонирхуулъя. Эдгээрийн төсөвт өртөг өнөөдөр хэд болж нэмэгдсэн, ирэх онд дахин хэдэн төгрөг зарцуулахаар төлөвлөсөн бэ?
2027 оны улсын төсвийн хөрөнгө оруулалтын жагсаалтад нийт 791 төсөл, арга хэмжээнд 5.77 их наяд төгрөгийн санхүүжилт олгохоор тусгажээ. Эдгээрийн нийт төсөвт өртөг 14.18 их наяд төгрөг байна.
-2012, 2013 оноос хойш буюу 15-16 дахь жилдээ хэрэгжиж буй барилгуудаа үргэлжлүүлнэ-
Харин эдгээр төсөл хөтөлбөрүүд дундаас хамгийн удаан хугацаанд буюу 15-16 дахь жилдээ хэрэгжих гэж буй гурван төсөл байна. Тодруулбал,
Аймгийн хөгжимт драмын театрын барилга /Архангай, Эрдэнэбулган сум/
Тус барилгын ажил 2012 онд эхэлжээ. Улмаар ирэх онд барилгын ажлыг дуусгахаар төсвийг тусгажээ. Тодруулбал, тус төслийн санхүүжилтэд ирэх онд 890.4 сая төгрөгийг олгохоор тусгажээ.
Дүүргүүдийн шүүхийн нэгдсэн байр – УБ, Хан-Уул дүүрэг
Тус барилгын ажил анх 2013 онд эхэлжээ. Өөрөөр хэлбэл, барилгын ажил ирэх жилийг оролцуулан тооцвол 15 дахь жилдээ үргэлжилж буй гэсэн үг юм. Тус төслийн анхны төсөвт өртөг нь 15 тэрбум байсан бол сүүлийн төсөвт өртөг нь 74 тэрбум болж өсчээ. Ингэхдээ ирэх онд тус барилгын ажилд 16.9 тэрбум төгрөгийг тусгасан ба 2028 онд ашиглалтад орно гэжээ. Үндсэндээ барилгын ажлын төсөв 2028 оны төсвийн төсөл дээр дахин сууж орж ирнэ гэсэн үг юм.
Дүүргүүдийн прокурорын нэгдсэн байр – УБ, Хан-Уул дүүрэг
Энэхүү барилга нь өмнөх барилгын адилаар 15 дахь жилдээ үргэлжлэх гэж буй юм. Тодруулбал, анх 2013 онд барилгын ажил эхэлсэн ба ирэх 2027 онд дуусгахаар төсөвт тусгаж оруулж иржээ. Анхны төсөвт өртөг нь 10 тэрбум байсан бол сүүлийн байдлаар 44 тэрбум болж нэмэгджээ. Ирэх онд 10.5 тэрбумын санхүүжилтийг тусгажээ.
-10 дахь жилдээ хэрэгжиж буй арван төсөл төсөвт багтжээ-
Харин 2018 оноос хойш буюу 10 жилийн нүүрийг үзэж байгаа дараах төслүүд байна. Үүнд:
-Сургуулийн барилга, 320 суудал — Хөвсгөл, Чандмань-Өндөр
-Сургуулийн барилга, 250 суудал — Орхон, Баян-Өндөр, Рашаант баг
-Цэцэрлэгийн барилга, 100 ор — Говь-Алтай, Халиун
-Сургуулийн барилга, 320 суудал — Хөвсгөл
-Сургуулийн барилга, 320 суудал — УБ, Сонгинохайрхан, 31-р хороо
-Сургуулийн өргөтгөл, 320 суудал — УБ, Сүхбаатар дүүрэг
-Сургуулийн барилга, 640 суудал — УБ, Сонгинохайрхан, 32-р хороо
-Цэцэрлэгийн барилгыг буулгаж шинээр барих, 240 ор — УБ, Баянгол
-Сэргээн засах төвийн барилга, 36 ор — УБ, Хан-Уул
-Дүүргийн эрүүл мэндийн төвийн амбулаторийн барилгын өргөтгөл



