Авлигын хэргээр зургаан хүнд ял оноож, 163.5 сая төгрөгийг улсын орлого болгожээ

 Хууль эрх зүй
М.Ариунжаргал
М.Ариунжаргал
Унших: 2 мин 3 сек
00
ubn-v2-media-aidnddmn-1.webp

Прокурорын байгууллагаас энэ оны өнгөрөгч сарын 30-ны өдрийн байдлаар Эрүүгийн хуулийн 22 дугаар бүлэгт заасан авлигын гэмт хэрэгт яллагдагчаар татагдсан 588 хүнд холбогдох 254 хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлжээ.

Өнгөрсөн долоо хоногт буюу аравдугаар сарын 26-30-ны өдрүүдэд Нийслэлийн прокурорын газраас шүүхэд шилжүүлсэн хэргүүдээс зургаан хүнд холбогдох таван хэргийг анхан шатны шүүхээр шийдвэрлүүлсэн байна.

Шүүхээс зургаан хүнийг авлигын гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хоёр хүнийг зургаан сараас хоёр жил хүртэл хугацаагаар хорих, гурван хүнийг 3.5-35 сая төгрөгөөр торгох, нэг хүнийг хоёр жил зургаан сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял тус тус оногдуулжээ. Мөн хоёр жилээс найман жилийн хугацаагаар нийтийн албанд ажиллах эрхийг нь хасаж, гэмт хэрэг үйлдэж олсон нийт 163.5 сая төгрөгийг улсын орлого болгохоор шийдвэрлэсэн байна.

Тухайлбал, “Х….” ХХК-ийн хувьцаа эзэмшигч, зөвлөх инженерээр ажиллаж байсан Р.З нь олон улсын Арбитрын шүүхэд хянагдаж байсан маргаантай хэрэгт шинжээчийн дүгнэлт гаргах явцдаа хариуцагч талын итгэмжлэгдсэн төлөөлөгчид үнэлгээний дүгнэлтийг хүлээн зөвшөөрсний хариуд нэг тэрбум төгрөгийг хуваан авч, хахууль өгөх санал тавьсан хэрэгт холбогджээ.

Шүүхээс Р.З-г хахууль өгөх гэмт хэрэг үйлдэхийг завдсан гэм буруутайд тооцож, нийтийн албанд ажиллах болон шинжээчийн үйл ажиллагаа явуулах эрхийг хоёр жилийн хугацаагаар хасаж, 3.5 сая төгрөгөөр торгосон байна.

Мөн Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Дэд бүтцийн хяналтын газрын Эрчим хүч, хэмжил зүйн хэлтсийн даргаар ажиллаж байсан А.Б, барилгын техникийн хяналтын улсын байцаагч Б.М нар албан тушаалаа ашиглан аж ахуйн нэгжүүдэд “А…” ХХК-ийг санал болгож, тус компанийн гүйцэтгэх захирал Д.Г-ээс 2021 оны зургаадугаар сарын 25-наас 2022 оны аравдугаар сарын 28-ны хооронд нийт 162.4 сая төгрөгийн хахууль авсан хэрэгт холбогдсон байна.

Шүүхээс тэднийг нийтийн албан тушаалтан хахууль авах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, нийтийн албанд ажиллах эрхийг найман жилийн хугацаагаар хасаж, тус бүр 35 сая төгрөгөөр торгох ял оногдуулжээ. Түүнчлэн гэмт хэргийн улмаас олсон 162.4 сая төгрөгийг улсын орлого болгосон байна.

Түүнчлэн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа хорих ангид төлөөлөгчөөр ажиллаж байсан Л.Д нь холбогдох дүрэм, журмыг зөрчин нэр бүхий хоригдолд давуу байдал олгож, үүний хариуд бэлэн мөнгө, эд зүйл авсан хэрэгт холбогджээ.

Шүүхээс түүнийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, нийтийн албанд ажиллах эрхийг гурван жилийн хугацаагаар хасаж, хоёр жил зургаан сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулан, гэмт хэрэг үйлдэж олсон 1.1 сая төгрөгийг улсын орлого болгохоор шийдвэрлэсэн байна.

tenx-hd