БАЙР СУУРЬ: Оюутолгойн өгөөжийг иргэдэд хуваарилах уу, төслүүдээ санхүүжүүлэх үү, хуулиа дагах уу

 Хууль эрх зүй
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 5 мин 29 сек
00
659999.webp

Энэ долоо хоногийн "халуун сэдвүүд" Оюутолгойгоос авах 3 их наядын ногдол ашгийг хэрхэх вэ гэдэг асуудлын эргэн тойронд хөвөрч байна. Засгийн газрын зүгээс нэг их наядыг нь Хуримтлалын сан руу хуваарилж, үлдсэн хоёр их наядаар эдийн засгийн суурь дэд бүтцийг тэлэх төсөл хөтөлбөрүүдийг санхүүжүүлэхэд зарцуулах саналтай буй. Харин сөрөг хүчний зарим гишүүд болон олон нийтийн зүгээс үгүйсгэх байр суурийг ч илэрхийлсээр байна. Тэгвэл ОТ-н ногдол ашгийг хэрхэх ёстой талаар эдийн засагчдын байр суурийг хүргэж байна.

-Эрчим хүчний асуудлыг яаралтай шийдэх шаардлага байгаа боловч өмнөх амжилтгүй болсон төслийн хариуцлагын асуудлыг орхиж болохгүй-

ubn-v2-media-__klhodd-1.webp

Эдийн засагч Ж.Дэлгэрсайхан

Тэрбээр "Оюу толгойгоос ногдол ашиг авах хугацааг наашлуулсан нь сайн гэдэгтэй хүн бүр санал нэг байх. Гол нь Оюутолгойн ногдол ашгийг төсөл хөтөлбөрүүдэд зарцуулах нь өөрөө эрх зүйн хувьд эргэлзээ дагуулаад буй юм. Үндэсний баялгийн сангийн тухай хуулиар төрийн өмчийн эзэмшлийн хувь 34 хувь бол ногдол ашиг бүхэлдээ хуримтлалын сангийн эх үүсвэр болох зохицуулалттай харагддаг.  Хуулийн зохицуулалт нь ийм. Нэг ёсондоо, ийм хуулийн зохицуулалт байгаа нөхцөлд хуулиа дээдлэх тухай ярих уу эсхүл хуулиа өөрчлөх үү гэдэг асуудалд тулж очно. Нөгөө талаас Засгийн Газрын бодлогын сонголтыг бас анзаарах шаардлагатай. Монгол Улсын хувьд үндсэн суурь дэд бүтцүүд рүүгээ хөрөнгө оруулах шаардлагатай юу гэвэл шаардлагатай.

Гэхдээ бид аль ч тохиолдолд гол зарчмаа бодож, асуудалд хандах ёстой. Өөрөөр хэлбэл, Үндэсний баялгийн сангийн гэх зарчим дээрээ зогсох уу гэдэг асуудлаас гадна хариуцлагын асуудлыг бодох ёстой. 10 аймгийн ДЦС-ын төсөлтэй холбоотой асуудал нь хариуцлагын асуудал. Эрчим хүчний асуудлыг яаралтай шийдэх шаардлагатай байгаа боловч өмнөх төслийн амжилтгүй болсон хариуцлагын асуудлыг орхиж болохгүй" гэв.

-УИХ-ын зарим гишүүд масст таалагдах гэж "Бэлэн мөнгөөр тараа" гэх агуулгыг хөндөж байгаа нь харамсалтай. Хуулиар өөрчиллөө ч энэ хэмжээний мөнгийг эдийн засаг руу хийвэл инфляциа барьж дийлэхгүй-

ubn-v2-media-50s7aiyv-1.webp

Эдийн засагч Т.Бямбахорлоо

Тэрбээр "Энэ асуудал Үндэсний баялгийн сангийн тухай хуулиараа л зохицуулагдах зүйл. Гэтэл зарим УИХ-ын гишүүд шоу хийж, масст таалагдах гэж байгаа юм шиг "Бэлэн мөнгөөр нь тараа" гэдэг агуулгыг хөндөж байгаа нь харамсалтай. Хуулиараа боломжгүй зүйл шүү дээ. Үнэхээр ийм саналдаа тулгуурлаад хуулиа өөрчиллөө гэхэд энэ хэмжээний мөнгийг одоогийн эдийн засаг руу хийвэл инфляциа барьж дийлэхгүй асуудал болно.

Нөгөө талдаа гурван их наядын ногдол ашгийг хоёрыг нь эдийн засгийн суурь дэд бүтцийг тэлэх төслүүдийг санхүүжүүлэхэд зориулъя гэж байна. Хийж болно. Гэхдээ яг бодитой хэрэгжих үү, хэр ашигтай вэ гэдгийг харгалзах хэрэгтэй. Жишээлбэл, анх нефть боловсруулах үйлдвэрийг 2024 онд ашиглалтад орно гэж ярьж байна. Гэтэл өнөөдөр ч ашиглалтад ороогүй байна шүү дээ. Төсөл хөтөлбөр удаашрах тусам түүний цаана зээлийн хүү, алдагдсан боломж яригдаж байдаг. Өнөөдөр л гэхэд бид яагаад шатахууны хомсдолд ороод явж байгаа юм. Нефть боловсруулах үйлдвэр хэдийнэ ашиглалтад орчихсон байсан бол өнөөдрийнх шиг нөхцөл байдалд орох байсан уу. Энэ мэтчилэн төсөл хөтөлбөрүүдийг хугацаанд нь ашиглалтад оруулдаг байх хэрэгтэй. Нөгөө талдаа ашигтай байх төслүүд рүүгээ л бид мөнгөө хийх ёстой.

Одоогийн нөхцөлд манай улсын тулгамдсан асуудлын нэг нь эрчим хүч мөн. Энэ утгаараа эрчим хүчний төсөл хөтөлбөрүүд рүүгээ зарцуулах нь зөв. Хамгийн гол нь төсөл хөтөлбөрүүд рүү мөнгө оруулж байгаа бол хяналтаа сайжруулж, хариуцлагын механизмаа сайжруулах шаардлагатай.

Тэгэхгүй бол тухайн бүтээн байгуулалт ямар нэг буруу сүлжээгээр явчихаар амиа аргацаасан байдалтай эдийн засагтай болчих гээд байна. Бид чинь урт хугацаандаа томоохон төсөл хөтөлбөрүүдээ хэрэгжүүлж байж хөгжинө. Гол нь, хяналтаа сайжруул. Хугацаандаа дуусдаг байх хэрэгтэй байна. Урьд урьдын хэрэгжсэн төслүүд хугацаандаа ашиглалтад ороогүй, асуудал маргаан дагуулж байсан учраас энэ удаа эсэргүүцэлтэй тулаад байна. Угтаа бол цаашид үр өгөөж өгдөг байх талаас нь харж төсөл хөтөлбөрөө хэрэгжүүлж явах нь зөв.

-ОТ-н ногдол ашиг бол хэн нэг даргын хишиг биш. Баялгийн эзэн гэж нэрлэсэн ард түмнээ өгөөж хуваах болохоор үүдэнд бүү үлдээ-

ubn-v2-media-w1z9w657-1.webp

Эдийн засагч Д.Амгалан

Тэрбээр "Монголчууд баялгийнхаа тухай олон жил сонслоо. Одоо өгөөжийг нь хүртэх цаг болсон. Баялгийн эзэн гэх үг айл өрхийн амьдралд хүрч байж утгатай болно. Эс бөгөөс төрийн илтгэлийн чимэг, иргэдийн хувьд хүлээлт хэвээр үлдэнэ. Төр иргэдийг төлөөлөн хувь эзэмшдэг учраас өгөөжийг нь хуваарилахдаа иргэдийн эрх ашгийг тэргүүнд тавих учиртай. Гэтэл орлого нэмэгдэх бүрд төрийн зарцуулах хэрэгцээ түрүүлж, төслийн жагсаалт уртассаар байвал ард түмний хүртэх ээлж хэзээ ирэх вэ. Иргэдэд ногдол ашиг олгох тухай ярихаар “инфляц өснө” гэсэн тайлбар гарч ирдэг. Төр өөрөө зарцуулах болохоор “хөгжил авчирна” гэдэг. Гэвч мөнгөний эдийн засагт үзүүлэх нөлөөг хэний гарт байгаагаар нь дүгнэж болохгүй. Төрийн зарцуулсан мөнгө ч бараа, үйлчилгээ, ажиллах хүч, импортын эрэлт үүсгэнэ. Тендерийн тамга мөнгийг инфляцын нөлөөнөөс чөлөөлөхгүй.

Иргэдэд олгох мөнгө эрэлтэд нөлөөлөхийг үгүйсгэхгүй. Харин тэр эрсдэлийг төрийн зарцуулалттай ижил шалгуураар тооцохыг шаардаж байна. Нийт хэмжээ, олгох хугацаа, хэрэглээ ба хуримтлалд очих хувь, дотоодын нийлүүлэлтийн боломжийг харьцуулж байж дүгнэлт гаргах ёстой. Ийм тооцоогүйгээр иргэдийн зарцуулалтыг аюул, төрийн зарцуулалтыг өгөөж гэж зарлах нь эдийн засгийн үндэслэл болж чадахгүй.

Инфляц олон шалтгаантай. Тэдгээрийн дотор эдийн засгийн даацаас давсан, эрэмбэ дараагүй төсвийн тэлэлт бий. Зардал өсгөх шийдвэрийг эрх мэдэлтнүүд гаргачихаад үр дагаврыг нь иргэд өндөр үнэ, худалдан авах чадвараа алдсан орлогоороо төлөх ёсгүй. Төсвийн сахилга батыг иргэдийн ногдол ашгаас эхлэн шаардах бус, төсөв баталж, захиран зарцуулдаг хүмүүсээс нэхэх учиртай. Улсад хэрэгтэй бүтээн байгуулалтыг санхүүжүүлэх нь зөв. Гэхдээ “төсөл” гэсэн нэр өгөөжийн баталгаа биш. “Долоо хэмжиж, нэг огтол” гэдэг зарчим улсын хөрөнгөд бүр ч хатуу үйлчлэх ёстой. Хэзээ ашиглалтад орох, ямар өртөг бууруулах, хэр хэмжээний үр ашиг бий болгох нь тодорхойгүй төслийн төлөө иргэдийн хүртэх өгөөжийг хойшлуулж болохгүй. Хөрөнгө оруулалтын үнэ цэнийг нээлтийн ёслолоор бус, ашиглалтаас нь гарах үр дүнгээр хэмжинэ.

Өрхийн амьдралд ч хойшлуулшгүй хэрэгцээ, өгөөжтэй хөрөнгө оруулалт бий. Эмчилгээгээ хийлгэх, хүүхдээ сургах, өндөр хүүтэй өрөө төлөх, жижиг бизнесээ өргөжүүлэх нь бодит үр дүнтэй шийдвэрүүд. Иргэн өөрийн хэрэгцээг мэдэж, орлогоо захиран зарцуулах чадвартай гэдэгт төр итгэх ёстой. Өрхийн санхүү бэхжих нь улсын эдийн засгийн суурийг бэхжүүлнэ. Миний санал тодорхой. Төсөл, хөтөлбөрт төлөвлөсөн хоёр их наядын зарлагыг хасаж, тэр эх үүсвэрийг иргэдэд хуваарилна. Ингэснээр төсвийн нийт зарлагыг нэмэхгүйгээр зарцуулалтын сонголтыг иргэдэд шилжүүлнэ. Ирээдүйн орлогыг барьцаалж өр тавихгүй. Бодитоор орж ирсэн ногдол ашгийг ил тод дүрмээр, эдийн засгийн нөхцөлтэй уялдуулан, шаардлагатай бол үе шаттай олгоно. Оюу толгойн ногдол ашиг бол даргын хишиг биш, Монголын баялгийн өгөөж. Төр түүнийг олгохдоо талархал хүлээх бус, хэрхэн хуваарилснаа тайлагнах үүрэгтэй. Баялгийн эзэн гэж нэрлэсэн ард түмнээ өгөөж хуваах болохоор үүдэнд бүү үлдээ" гэв.