Т.Шинэбаярыг үргэлжлүүлэн хорих эсэхийг өнөөдөр шийдвэрлэнэ

"Дэнс.мн" сайтын сэтгүүлч Т.Шинэбаярыг бямба гарагийн үүрээр 48 цагийн хугацаатай баривчилсан тухай бид өмнө нь мэдээлсэн. Тодруулбал, Ерөнхийлөгчийн Тамгын газрын Хэвлэл мэдээллийн албаны дарга Ц.Ганзоригийн “... Нэр бүхий фэйсбүүкийн хуудаснаас нийтийн албан тушаалтнуудын холбогдох хууль тогтоомжоор хүлээсэн эрхэлж буй ажил, албан тушаал, албаны чиг үүргээ хэрэгжүүлэхтэй холбоотойгоор түүний эрх, хууль ёсны ашиг сонирхол, нэр төр, алдар хүндэд хохирол учруулж болзошгүй агуулгатай мэдээ тараасан...” гэх гомдлын дагуу хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасан “Хэргийн газарт болон тухайн хүний хувцас, бие, орон байр, эд зүйл, тээврийн хэрэгсэлд ул мөр илэрсэн” гэх үндэслэлээр баривчилсан.
Тэгвэл Т.Шинэбаярыг баривчилсан 48 цагийн хугацаа өнөө өглөө 05.00 цагт дууссан тул түүнийг үргэлжлүүлэн хорих эсэхийг өнөөдөр шүүхээр хэлэлцэн шийдвэрлэх юм. Бид шүүхийн шийдвэрийн талаар эргэн мэдээлэх болно.


