Дархан цаазат газарт хууль бус хайгуул хийх боломж олгосон хоёр албан тушаалтанд хорих ял оноожээ

 Хууль эрх зүй
М.Ариунжаргал
М.Ариунжаргал
Унших: 1 мин 12 сек
01
335145-30092025-1759221313-1013526533-556105917_122143766222807606_4513200684629256371_n.webp

Дархан цаазат газарт хууль бус хайгуул хийх боломж олгосон хоёр албан тушаалтанд хорих ял оноов

Говийн бага дархан цаазат газарт хууль бусаар ашигт малтмалын хайгуул хийх боломж олгож, хяналт шалгалтгүйгээр нэвтрэх чиглэл өгсөн Хилийн цэргийн хоёр албан тушаалтанд шүүхээс хорих ял оноожээ.

Тодруулбал, Я.Т нь Дорноговь аймгийн Хатанбулаг сум дахь Хилийн цэргийн ангийн захирагчаар ажиллаж байхдаа 2022 оны наймдугаар сарын 18-нд Б.Д, Д.А, Т.Г нарыг Говийн бага дархан цаазат газарт хяналт шалгалтгүйгээр нэвтрүүлэх чиглэлийг сургалтын орлогч М.Ц-д өгсөн хэрэгт холбогдсон байна. Ингэснээр дээрх гурван хүнд хууль бусаар ашигт малтмалын хайгуул хийх боломж олгосон гэж үзжээ.

Прокуророос Я.Т, М.Ц нарыг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэмт хэрэгт буруутган шүүхэд шилжүүлсэн байна. Шүүхээс тэднийг гэм буруутайд тооцож, нийтийн албанд томилогдох эрхийг тус бүр гурван жилийн хугацаагаар хасжээ. Мөн Я.Т-д нэг жил зургаан сар, М.Ц-д нэг жилийн хорих ял оноосон байна.

Харин тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын хайгуул, олборлолт явуулж, байгаль орчинд 2.7 сая төгрөгийн хохирол учруулсан Б.Д, Д.А, Т.Г нарт торгох ял шийдвэрлэжээ. Тодруулбал, Б.Д-г 10 сая төгрөгөөр, Д.А болон Т.Г нарыг тус бүр 5.4 сая төгрөгөөр торгосон байна.

Түүнчлэн шүүгдэгч нараас байгаль орчинд учруулсан 2.7 сая төгрөгийн хохирол болон нөхөн сэргээлтийн зардалд 314 мянган төгрөг гаргуулахаар шийдвэрлэжээ. Мөн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийн 257 сая төгрөгийн үнэлгээг хувь тэнцүүлэн гаргуулж, улсын орлого болгохоор болсон байна.