ШУУРХАЙ ШТАБ: БНХАУ-аас 10 сард авахаар захиалсан түлшүүд орж ирэх эсэх нь Хятадын экспортын түр зогсолтод хамаарах эсэхээс шалтгаалахаар байна

Эдийн засаг
UBn teamУнших: 1 мин 41 сек
00
MPA40048.webp

Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан Шуурхай штабаас шатахуунтай холбоотой дараах мэдээллийг өгчээ. Тодруулбал,

1. Нефтийн үнэ бага зэрэг буурлаа — Brent $100.28. Ойрх Дорнодын нефтийн экспорт нэмэгдэж, G7 стратегийн нөөцөөс 100 сая баррель нефть, дизель гаргахаар болсон нь нийлүүлэлтийн айдсыг зөөлрүүлж байна. WTI $89.33 орчим байна. Эх сурвалж: Reuters

2. Гэхдээ Хормузын тээвэр дахин зогсов. Амралтын өдөр Хормузаар бямба гарагт ердөө 5 түүхий эдийн хөлөг нэвтэрч, ням гарагт бүртгэгдсэн хөдөлгөөн байгаагүй. Өмнөх амралтын өдөр 31 байсан. Танкерын халдлага болон АНУ–Ираны хэлэлцээ гацсан нь гол шалтгаан болж байна. Эх сурвалж: Gulf Times

3. Оросын НПЗ-ийн асуудал бүр ноцтой харагдаж байна. Украины Батлан хамгаалах яам алсын тусгалын цохилтуудаар Оросын нефть боловсруулах хүчин чадлын 51 хувийг ажиллагаагүй болгосон гэж мэдэгдсэн ч энэ тоог бие даан баталгаажуулаагүйг AP онцолжээ. Харин ОХУ-д шатахууны хомсдол үүсэж, бензиний борлуулалтад хязгаарлалт гарсан нь бодит дарамт байгааг харуулж байна. Эх сурвалж: AP News

Монголын хувьд сайн тал нь ОХУ дизелийн экспортын хоригоо 10-р сарын эцэс хүртэл сунгасан ч Монгол Улс Засгийн газар хоорондын гэрээний дагуу үл хамаарах орнуудын нэг хэвээр байна. Эх сурвалж: Reuters

4. Хятадын шийдвэр Монголд хамгийн анхаарах шинэ эрсдэл хэвээр. Хятадын томоохон НПЗ-үүд 10-р сарын газрын тосны бүтээгдэхүүний экспортыг түр зогсоосон бөгөөд PetroChina төлөвлөсөн бензин, онгоцны түлшний зарим ачилтаа цуцалсан. Одоогоор экспорт 10-р сарын 7-ны баярын дараа сэргэх эсэх нь тодорхойгүй бөгөөд Бээжин дотоодын нөөц, үйлдвэрлэлийн түвшинг харж шийдэх төлөвтэй байна. Эх сурвалж: Reuters

Энэ нь Монголд онцгой чухал. Засгийн газрын мэдээллээр Монгол 10-р сард БНХАУ-аас 8,000 тонн Евро-5 АИ-92, 10,000 тонн Евро-5 дизель, 1,000 тонн АИ-95, 1,000 тонн онгоцны түлш авахаар захиалсан. Тиймээс эдгээр захиалга Хятадын экспортын түр зогсолтод хамаарах эсэхээс шалтгаалахаар байна.

5. Монголд өчигдөр Шатахууны шуурхай штаб шинэ арга хэмжээ авлаа. ШТС-уудын ээлж солих цагийг өглөөний 08:30–09:00-аас 11:00 цаг болгож өөрчилсөн. Зорилго нь өглөөний оргил цагаар ШТС хаагдаж дараалал үүсэх, замын түгжрэл нэмэгдэхийг бууруулах юм.