Б.Баатарыг прокурорын гомдлын дагуу цагдан хорихоор шийдвэрлэжээ

 Хууль эрх зүй
Б.Дарьсүрэн
Б.ДарьсүрэнУнших: 1 мин 13 сек
00
MPA42575.webp

Өнгөрсөн баасан гарагт Дүүргийн эрүү, иргэний эрүүгийн хэргийн хялбар ажиллагааны шүүхэд "Хэро интертайнмент"-ийн найруулагч Б.Баатарыг цагдан хорих эсэхийг шийдвэрлэх шүүх хурал болсон. Тодруулбал тус шүүхээс Б.Баатарыг "Цагдан хорих хангалттай үндэслэл байхгүй" гэж үзсэн бол Прокурор энэ шийдвэрт гомдолтой байгаагаа илэрхийлж, эсэргүүцэл бичсэн тухай бид өмнөх мэдээллээрээ хүргэсэн.

Тэгвэл прокурорын эсэргүүцлийн дагуу Б.Баатарыг цагдан хорих асуудлыг дахин хэлэлцэн, түүнийг цагдан хорихоор шийдвэрлэж, хорих 461-р анги руу дөнгөж сая авч явсан байна. Тодруулбал,

Нийслэлийн Прокурорын газраас яллагдагч Б.Баатарт зохиомол ажиллагаа буюу нийгмийн хуваагдал, олон нийтийн санаа бодлын туйлшралыг бий болгож, хүмүүсийг үзэл бодлоор нь өөр хооронд нь дайсагнуулах, эвдрэлцүүлэх үйлдлийг зохион байгуулсан гэх гэмт хэрэгт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан мөрдөн шалгах ажиллагаа явуулж, түүнд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах санал ирүүлснийг шүүх хянан хэлэлцээд прокурорын саналыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн байдаг.

Харин шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч гаргасан прокурорын гомдлыг Ерөнхий шүүгч хянаад, шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг хангаагүй, шүүх хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтыг хэрхэн үгүйсгэсэн талаарх дүгнэлтийг хуульд нийцүүлэн хийгээгүй байна.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагч Б.Баатар нь гэмт хэрэг үйлдэх, гэмт хэргээ төгсгөх үндэслэл бүхий баримт, мэдээлэл байгаа талаарх нотлох баримтууд хуульд заасны дагуу авагдсан байх тул прокурорын гомдлыг хүлээн авч, яллагдагч Б.Баатарт 2026 оны 10 дугаар сарын 05-наас нэг сарын хугацаагаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэжээ.