Таван долоо хоног алдсан төсвийн тодотголоо батлахад 5 ХОНОГ ҮЛДЛЭЭ, гишүүд ээ

Улс төр
YanjindulamУнших: 3 мин 50 сек
00
231db63f-28c6-45d1-b314-b2bb49f4f928-1.webp

“Монгол Улсын Их Хурлын гишүүн би ард түмнийхээ элчийн хувьд нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн, төрт ёс, түүх соёлынхоо уламжлалыг хүндэтгэж, МУ-ын Үндсэн хуулийг дээдлэн сахиж авлига ашиг сонирхлоос ангид байж, гишүүний үүргээ чин шударгаар биелүүлэхээ тангараглая”

Энэ бол УИХ-ын гишүүний төр, ард түмнийхээ өмнө хариуцлагатайгаар өргөдөг тангараг. Үүнийг сануулахын учир нь, ес дэх удаагийн сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан парламентын бүрэн эрхийн хугацаа талаасаа хэдийнэ өнгөрсөн. Гэвч тэд үндсэн ажлаасаа илүүтэйгээр сандал суудлын хэрүүл, дотоод улс төр, хагарал хуваагдлынхаа учрыг ч олохгүй явсаар. Ирц нь бүрдэхгүй байсаар хэлэлцэх асуудлуудаа ч хойш тавих нь энүүхэнд. Нэг ёсондоо энгийн үзэгдэл мэт л болчихлоо шүү дээ. Харин одоо улстөржилтөө түр хойш тавьж, үндсэн ажилдаа анхаарал хандуулах хэрэгтэйг ард түмний амьдрал та бүхэнд сануулж байгааг нийтлэлийн эхэнд ийн сануулъя.

Гол асуудалдаа оръё. Засгийн газраас үндсэндээ сар гаруйн өмнө буюу наймдугаар сарын 20-нд 2026 оны төсвийн тодотголыг өргөн барьсан. Ээлжит бус чуулгандаа багтаан батлах "өөдрөг" зорилт тавьсан ч энэ нь талаар өнгөрч, ээлжит чуулгантайгаа залгасан. Гэвч өнөөдөр ч өнөөх төсвийн тодотголоо батлаагүй хэвээр. Азаар ч гэх үү байнгын хороо, чуулганыхаа ирцийг бүрдүүлж өнгөрөгч долоо хоногийн төгсгөлд төсвийн тодотголын гурав дахь хэлэлцүүлгийг хийгээд авсан. Ингэснээр энэ долоо хоногтоо багтаад төсвийн тодотголоо батлаад авах бололтой.

Хэрэв энэ долоо хоногт буюу төлөвлөгөө ёсоор аравдугаар сарын 9-нд амжиж батлахгүй бол 11 дүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхлэх ёстой цалин, тэтгэвэртэй холбоотой шийдвэрүүдэд хүндрэл үүсэхийг Төсвийн байнгын хорооны дарга Н.Наранбаатар онцолсон байдаг.

Нэг ёсондоо, наймдугаар сарын 20-нд өргөн барьснаас хойш гэж тооцвол бид улстөржилтөд таван долоо хоногийг алдлаа. Одоо бидэнд төсвийн тодотголоо батлахад тав хоногийн хугацаа л үлдсэн гэсэн үг.

Тэгвэл бидний яаравчлуулаад буй төсвийн тодотголд ямар чухал заалтууд туссаныг эргэн сануулъя. Өөрөөр хэлбэл, хэлэлцүүлэг УИХ дээр удааширснаас тодотголд суусан дараах шийдвэрүүд өнөөдрийн түвшинд "гацаа"-нд орсон гэсэн үг юм.

  • 435 мянган ахмадын суурь тэтгэвэрт 196.3 тэрбум төгрөг: 2026 оны 11 дүгээр сараас ажилласан жил, төлсөн шимтгэл, одоо авч буй тэтгэврийн хэмжээнээс хамаарч сард 100–300 мянган төгрөгийн суурь тэтгэвэр олгож эхлэхээр тодотголд суулгасан. Өөрөөр хэлбэл, энэ бол тодотгол хугацаандаа батлагдахтай холбоотой асуудлын нэг мөнөөсөө мөн юм.
  • Төрийн үйлчилгээний алба хаагчдад чиглэсэн 170.5 тэрбум төгрөг: Төрийн үйлчилгээний албан хаагчдын цалин хөлсний зохицуулалтыг жигдрүүлж, салбар хооронд үүссэн цалингийн зөрүүг арилгаж, 2026 оны эхнээс боловсролын салбарын цалинг 50 хувь, эрүүл мэндийн салбарынхыг 30 хувь, шинжлэх ухааны салбарынхыг 15 хувиар нэмэгдүүлсэн нь төрийн үйлчилгээний салбаруудын цалингийн өсөлтийг харилцан адилгүй болгосон. Иймд 2026 оны 11 дүгээр сараас төрийн үйлчилгээний бүх салбарын цалингийн өсөлтийг 2025 оны суурь түвшинтэй харьцуулахад 50 хувьд хүргэж жигдрүүлэх ба үүнд эрүүл мэндийн салбарын цалинг 20 нэгж хувиар, соёл, шинжлэх ухааны салбарын ажилтны цалинг 35 нэгж хувиар, спорт, цаг уур зэрэг бусад төрийн үйлчилгээний цалин хөлсийг 50 нэгж хувиар тус тус нэмэгдүүлэхэд шаардагдах 170.1 тэрбум төгрөгийг төсвийн тодотголын төсөлд тусгасан юм.
  • Эрчим хүчний их засвар, тоног төхөөрөмжийн шинэчлэлд 92.7 тэрбум төгрөг: Станц, цахилгаан дамжуулах болон түгээх компаниудын их засвар, зайлшгүй шаардлагатай тоног төхөөрөмжийн шинэчлэлд нэмэлт санхүүжилт өгөхөөр тусгасан
  • Цахилгаан, дулааны тарифын өсөлтийг тогтоон барихад 107.3 тэрбум төгрөг: Импортын цахилгааны үнэ болон бодит өртөг, тарифын зөрүү нэмэгдсэнтэй холбоотойгоор үүнийг хэрэглэгчдэд шууд шилжүүлэхгүй байхад 107.3 тэрбум төгрөгийн татаас өгөхөөр төсөлд тусгасан.
  • Эрүүл мэндийн салбарын цалингийн нэмэгдэлд 90 тэрбум төгрөг: Эрүүл мэндийн салбарын цалинг 11 дүгээр сараас 20 хувиар нэмэгдүүлэхэд 90 тэрбум төгрөг зарцуулахаар Засгийн газар тодотголдоо тусгасан.
  • Соёл, спорт, төрийн үйлчилгээ, шинжлэх ухааны ажилтнуудын цалинд 80.1 тэрбум төгрөг: 11 дүгээр сараас соёл, спорт болон бусад төрийн үйлчилгээний салбарын цалинг 2025 оны суурьтай харьцуулахад 50 хувьд, шинжлэх ухааны салбарын цалинг 35 хувьд хүргэх нэмэгдэлд 80.1 тэрбум төгрөг төлөвлөсөн.
  • 93.5 мянган багш, ажилтны дутагдсан цалингийн санхүүжилтэд 674.5 тэрбум төгрөг: Төсвийн тодотголоор шийдэх хамгийн том багцуудын нэг нь боловсролын салбарын дутагдсан цалингийн зардал юм. Тодруулбал, энэ оны эхнээс цалинг 50 хувиар нэмэгдүүлсэн шийдвэрийн бүтэн жилийн санхүүжилтийн дутуу үлдэгдэл болох 674.5 тэрбум төгрөгийг төсөвт тусгасан нь энэ юм. Ингэснээр тус салбарын 93.5 мянган багш, ажилтны цалин хөлсийг ондоо багтаан бүрэн олгох боломжийг бүрдүүлнэ. 
  • Хүнс, шатахууны стратегийн нөөцөд 150 тэрбум төгрөг: Улаанбуудай, мах, хүнсний ногоо болон шатахууны нөөц, хангамжийг нэмэгдүүлэхэд 150 тэрбум төгрөг төсөвлөсөн. Энэ нь өвөлжилт, хүнсний болон түлшний нийлүүлэлтийн эрсдэлийг бууруулах зорилготой багц юм.
  • “Гэрт ойр сургууль” хөтөлбөр — 50 тэрбум төгрөг: Нэг ангид 35-аас дээш хүүхэд суралцуулахгүй байх зорилготой хөтөлбөрт 50 тэрбум төгрөг зарцуулахаар тодотголд төлөвлөсөн билээ