Г.Тэмүүлэнг ХЗДХ-ийн сайдаар “албажуулах“ чуулганы хуралдаан 14 цагт товлогдсон ч ирц хүрэхгүй байгаагаас эхлээгүй хэвээр байна

УИХ-ын чуулганы Пүрэв гарагийн нэгдсэн хуралдаан 14:00 цагт эхлэхээр товлогдоод байсан. Гэвч 16:00 цагийн байдлаар ирц 41.3 хувьтай байгаагаас эхлээгүй хэвээр байна. Тодруулбал, өнөөдрийн чуулганаар хэлэлцэх асуудлын нэг болон хоёрдугаарт ХЗДХ-ийн сайд С.Амарсайханыг огцруулж, түүний оронд Удирдах зөвлөлөөр дэмжигдсэн УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэнг томилох тухай асуудлыг хэлэлцэх учиртай юм.
Дашрамд дурдахад, АН-ын бүлэг өнгөрөгч Мягмар гарагт буюу УИХ-ын ээлжит чуулганы нээлтийн өдөр ирэх оны төсөв болон төсвийн хүрээний асуудлаар гурав хоногийн завсарлага авсан. Үүнтэй холбоотойгоор АН-ын бүлгийн гишүүд хуралд оролцохгүй гэх байр суурийг илэрхийлсэн. Өөрөөр хэлбэл, одоогийн түвшинд ирц бүрдэх эсэх нь МАН-ын гишүүдээс шууд хамаарч байна.



