Хаан банкны 35 жилийн ойн урамшуулал, банкны судалгаа гэх хуурамч зараар иргэдийн банкны дансыг хакерддаг байсан бүлэг этгээдийг баривчилжээ

ЦЕГ-ын Кибер гэмт хэрэгтэй тэмцэх газраас иргэдийн цахим дансыг хакерддаг байсан этгээдүүдийг илрүүлэн баривчилжээ. "Хаан банк"-ны 35 жилийн ойн урамшуулал болон арилжааны банкны судалгаа нэртэй хуурамч зар мэдээллийг цахим орчинд байршуулж байсан байна. Тэд иргэдийн анхаарлыг татах замаар хортой фишинг веб сайт руу хандуулж, интернет банкны нэвтрэх нэр, нууц үгийг нь хуулбарлан авдаг байжээ. Сэжигтнүүд ийнхүү хууль бусаар нэвтэрч данснаас мөнгө хулгайлдаг байсан бөгөөд уг хэрэгт гадаад улсын 1, Монгол Улсын 4 иргэн холбогдон шалгагдаад байгаа юм. Хэрэгт холбогдогчид гадаад улсын цахим гэмт бүлэглэлийн санхүүжилт, холбоо хамаарлыг ашиглан хэргээ үйлддэг байжээ. Тэд Монгол Улсын иргэдтэй гадаадад аялах, суралцах явцад нь танилцаж, урт хугацааны харилцаа тогтоосон байна. Улмаар тэдэнд бэлэн мөнгө болон эд зүйл амлах замаар гэмт хэрэгтээ татан оролцуулдаг байсныг цагдаагийн байгууллагаас тогтоолоо.
Мөрдөн шалгах ажиллагааг Нийслэлийн Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтад явуулж, прокурорын зөвшөөрлөөр холбогдогчдын орон байр, биед нэгжлэг хийжээ. Ажиллагааны явцад иргэдийн интернет банк руу хууль бусаар халдсан болон халдахаар бэлтгэж байсан биет нотлох баримтуудыг илрүүлэн хэрэгт эд мөрийн баримтаар тооцсон байна. Цаашид холбогдогчдод Эрүүгийн хуулийн 26.1 дүгээр зүйлийн 2 дэх хэсэгт заасан "Кибер орчинд хууль бусаар халдах", 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан "Хулгайлах" гэмт хэргээр хэрэг үүсгэн, яллагдагчаар татах саналтайгаар шалгалтыг үргэлжлүүлээд байгаа юм.
Сүүлийн үед хуурамч веб хуудас, мессеж, цахим шуудан болон сошиал хаягаар дамжуулан иргэдийн интернет банкны нэвтрэх нэр, нууц үг, нэг удаагийн кодыг хуулбарлан авдаг фишинг халдлага нэмэгдэж байна. Иймд иргэд хувийн мэдээллийн аюулгүй байдалдаа анхаарч, сэжигтэй холбоос руу нэвтрэхгүй байх хэрэгтэй. Хэрэв сэжигтэй холбоосоор нэвтэрч нууц үг, кодоо оруулсан бол нэн даруй банктайгаа холбогдон дансаа блоклож, нууц үгээ сэргээн цагдаагийн байгууллагад мэдээлэхийг анхааруулж байна.
Р.УУГАНБАЯР



