Г.Өсөхбаяр: Наадмаар цол авсан бөхөд батламж гардуулаад, шинжилгээний хариуг үндэслэн Ерөнхийлөгч зарлиг гаргаж цолыг нь олгоно

Нийгэм
Г.Лхагвадорж
Г.Лхагвадорж
Унших: 12 мин 6 сек
170
legacy:hereglesen zurag/NewFolder/Ontslokh/wetransfer-345fef/wetransfer-345fef/untitled folder 3/IMG_5191.JPG
legacy:hereglesen zurag/NewFolder/Ontslokh/wetransfer-345fef/wetransfer-345fef/untitled folder 3/IMG_5212.JPG

МҮБХ-ны Цэцдийн зөвлөл өнгөрсөн амралтын өдөр хуралдаж үндэсний бөхийн дүрмийн зарим зүйл заалтыг хасч, мөн заримыг нь шинээр нэмсэн. Тодруулбал, олон жил бөх сонирхогчид болон бөхчүүд шүүмжлэлтэй хандаж ирсэн барьц сонгох дүрмийг хасах шийдвэр гаргасан. Мөн үүнээс гадна олон чухал дүрмийн өөрчлөлтүүдийг нэмж, нэг төрлийн дэвшлийг бий болгосон гэж үзэж байгаа. Тэгвэл бид энэ удаагийн ярилцлагадаа МҮБХ-ны Цэцдийн зөвлөлийн дарга, гавьяат тамирчин, дархан аварга, Алдар спорт хорооны дарга Г.Өсөхбаяртай үндэсний бөхийн дүрмийн өөрчлөлт болон цаг үеийн асуудлаар ярилцлаа.

"Цэцдийн зөвлөлөөс гаргасан дүрмийн өөрчлөлт тухайн өдрөөсөө хүчин төгөлдөр хэрэгжээд эхэлсэн"

-Танд энэ өдрийн мэнд хүргэе. Цэцдийн зөвлөл энэ сарын 15-ны өдөр хуралдаж үндэсний бөхийн дүрмийн зарим хэсэгт өөрчлөлт оруулсан. Энэ өөрчлөлтийг бөхчүүд болон бөх сонирхогчид олон жил хүлээж байсан. Энэ талаар хоёулаа яриагаа эхлүүлье гэж бодож байна?

-МҮБХ сүүлийн 3 орчим жил нэлээн маргаантай, үл ойлголцсон, хоёр талдаа гарсан байдалтай байсан. Бид энэ зүйлийг цэгцлэх үүднээс олон уулзалт, гэрээ хэлэлцлүүд хийсний үр дүнд МҮБХ-г нэг удирдлагатай, нэг тамга тэмдэгтэй, нэг байгууллага болгож чадсан гэдгийг ярилцлагынхаа өмнө онцолж хэлье. Энэ хүрээндээ бид анхныхаа Цэцдийн зөвлөлийн хурлыг амжилттай зохион байгууллаа. Мэдээж, МҮХБ болон үндэсний бөхөд нэн яаралтай шийдэх шаардлагатай маш олон ажлууд байна. Эндээс нэн чухал гэсэн хэд хэдэн асуудлыг Цэцдийн зөвлөлийн хурлаараа хэлэлцэж шийдвэрлэж чадлаа.

-Холбоо нь тусдаа, бөхчүүд нь тусдаа ойлгомжгүй байдал одоо арилсан гэж ойлголоо. Цэцдийн зөвлөлөөс гаргасан шийдвэр хэзээнээс хэрэгжиж эхлэх вэ. Шууд хэрэгжих эрх зүйн зохицуулалт бий юу. Эсвэл Их эеээр оруулж эцсийн шийдвэрийг гаргах уу?

-Цэцдийн зөвлөл нь МҮБХ-ны Их эеийн хооронд үйл ажиллагаа явуулдаг дээд байгууллага. Энэ байгууллага үндэсний бөхийн дүрэмтэй холбоотой асуудлыг авч хэлэлцэх, шийдэх бүрэн эрхтэй. Энэ тодорхой эрхийнхээ хүрээнд зарим асуудлуудыг сая шийдсэн. Цэцдийн зөвлөл барилдааны дүрэмд өөрчлөлт оруулах бүрэн эрхтэй байгууллага. Өөрөөр хэлбэл, өнөөдөр барилдаан зохиогдвол барьц сонгоо хэрэглэхгүй гэж ойлгож болно.

legacy:hereglesen zurag/NewFolder/Ontslokh/wetransfer-345fef/wetransfer-345fef/untitled folder 3/IMG_5178.JPG

-Цэцийн зөвлөлөөс гаргасан анхаарал татсан шийдвэрүүдийн талаар хоёулаа дэлгэрэнгүй ярилцаад явъя. Нэгдүгээрт, дүрмээсээ “барьц сонгох” гэсэн заалтыг хаслаа. Энийг бөхчүүд, бөх сонирхогчид олон жил хүлээсэн байх?

-Тулгараад байсан олон асуудлуудаас бөхчүүд, бөх сонирхогчдын хувьд яаралтай шийдэх ёстой гэж хүлээж байсан зүйл бол барьц сонгоо. Үндэсний бөхийн барилдааны дүрэмд орсон цагаасаа хойш 17 жил бид барьц сонгоог хэрэглэлээ. Ер нь бөхийн барилдааныг яаж шуурхай явуулах уу, наадам сонирхогчдыг уйдаахгүй, залхаагүй байх уу гэдэг үндсээр л тухайн үед олж авсан шийдэл бол барьц сонгох юм. Гэхдээ барьц сонгооны барилдаан Монгол бөхдөө хортой нөлөө үзүүлж байна гэдгийг тал талдаа ойлгож, нэгдсэн дүгнэлтэд хүрсэн. Барьц сонгоог сонгож авснаас хойш олон дутагдалтай зүйл бөхөд орж ирсэн гэдгийг Цэцдийн зөвлөлийн хурал дээр ярьсан. Нэгдүгээрт, бөхчүүд жин нэмэх шаардлагатай болж, янз бүрийн эм, бэлдмэл хэрэглэж байна. Жин нэмэгдэхээр уран хурц барилдаан, мэхний олон хувилбарууд алга болж эхэллээ. Хоёрдугаарт, удаан масс ихтэй бөхчүүдээс үзэгчид сонирхолтой, үзүүштэй барилдаанууд хүлээхээ болсон. Энэ мэт олон хортой үр дагаврууд бий боллоо. Жин нэмэх гэж эм бэлдмэл, нэмэлт тэжээл, уураг ургамал ууснаасаа болоод допингийн асуудалд орчих гээд байдаг. Нөгөө талдаа бөхчүүдээ буруутгах аргагүй юм. Учир нь дүрэмд нь барьц сонгоно гээд тусгачихсан учраас дүрмээ л дагана шүү дээ. Энэ мэт асуудлуудыг тал талаас нь авч хэлэлцээд барилдааны дүрмээс “барьц сонгох” гэсэн заалтыг 100 хувийн саналаар хасахаар боллоо. Уг шийдвэр зөвхөн Цэцдийн зөвлөл гэхээс илүүтэй бөхчүүд, бөх сонирхогчид ард түмний хүлээлт байсан байх гэж бид найдаж байна.

"Барьц сонгохоос өөр ямар хувилбар байж болохыг ажлын хэсэг судалж байна"

-Барьц сонгоог дүрэмд оруулсан цаад шалтгаан нь барилдааныг удаахгүй байх. Одоо барьц сонгоо нь буруу юм байна гээд буцаагаад хасчихаар суурь асуудал болох уддаг, цаг уядаг асуудлыг яаж шийдэхээр харж байгаа вэ?

-Бид яг энэ асуудлыг маш сайн ярьсан. Бөхийн барилдааныг удаан хүлээх нь бэрхшээлтэй. Энэ асуудлыг судалж, тодорхой шийдэл гаргах ажлын хэсгийг байгуулсан. Ажлын хэсэг дараагийн Их эеийн хуралдаан гэхэд тодорхой гарц шийдлийг бөхчүүд, бөх сонирхогчидтойгоо өргөн хүрээнд хэлэлцэж байгаад гаргана. Мөн хөлийн цэц, гарын даа, засуул гээд барилдааны явцад чухал үүрэг гүйцэтгэдэг хүмүүс бий. Энэ хүмүүст барилдааныг түргэн шуурхай явуулахын тулд бөхчүүдэд өндөр шаардлага тавих эрхийг нь олгож, хариуцлагын улам нэмэгдүүлнэ. Уг нь дүрмэндээ хоёр бөхийн нэг нь талбайгаас хоёр удаа ухарч, зугтаж гарсан бол хасах эрхтэй. Гэвч энэ дүрмээ ашиглахгүйгээр барилдаан удаашруулдаг. Мөн бөхчүүдийг элэг бүс, сэнжигний барьцыг түрүүлж авах эрхийг нь хэн идэвхтэй барилдаж байгаад нь засуул, хөлийн цэц эхлээд олгоно гэх зэрэг шийдэл гарцуудыг бид хайж байна. Ажлын хэсгийн гол зорилго нь барилдааныг яавал сонирхолтой, үзүүштэй болох вэ гэдэг гарцыг олох.

-Та үндэсний бөхийн энэ цаг үеийн том төлөөллүүдийн нэг. Хувь хүнийхээ хувьд барьц сонгооны оронд ямар зохицуулалт, дүрэм гаргавал зүгээр гэж харж байна вэ?

-Монгол бөх маань өөрөө их онцлогтой. Улсын наадам гэхэд л эхний өдөр хоёр, дараагийн өдөр нь долоон даваа явдаг. Зургаа, долоогийн чухал даваанд өрсөлдөгчөө хурдан давахгүйгээр уяж зогсвол өөрөө л хүнд байдалд орно. Цаана нь өрсөлдөгч нь амраад, учраагаа хүлээгээд сууж байх жишээтэй. Өөрөөр хэлбэл, аль болох хурдан шуурхай, ядралт багатай барилдаж чадсан хүн даваа өгсөх тусмаа бага ядарна. Гэхдээ хаялцах барьцыг болиулснаар бүх барилдаан удаад байна гэсэн үг огт биш. 256 бөхийн барилдаан боллоо гэхэд 5-8 барилдаан барьц сонгоогоор шийдвэрлэгдэж байгаа гэсэн судалгаа байгаа. Энэ нь барилдаан болгонд, бөхчүүд бүр барьц сонгохыг хүлээгээд зогсоогүй гэдгийг харуулж байна. Барьц сонгоо гарсан учраас бөхчүүд үүнд зориулж биеэ бэлдээд, бэлтгэл, арга тактик сонгоод байгаа. Одоо үүнийг нь байхгүй болгочихоор бөхчүүд яавал хурдан шуурхай барилдах уу, хэнийг ямар мэхээр унагаж болох вэ гэдгээ судлаад, арга тактикаа өөрчлөөд л эхэлнэ. Наадмын шөвгийн дөрвөн бөхийн барилдаанд барьц сонгоо хэрэглэдэггүй. Ингэлээ гээд барилдаанууд нь удаашраад байгаа зүйл байхгүй.

-Цэцдийн зөвлөлөөс гаргасан шийдлүүдийн дунд камерын бичлэг шүүж барилдааны маргааныг шийдвэрлэх талаар тусгасан. Үүнийг яаж, ямар арга технологи ашиглаж хэрэгжүүлэх вэ

-Камер ашиглаж барилдааныг шүүх асуудлыг эртнээс ярьж байсан юм. Нэг талаасаа техник технологи хөгжчихөөд байхад ашиглахгүй хоцрогдол гаргалаа гэж шүүмжилдэг. Бөх сонирхогчдын сайн мэдэх сумо нь өндөрлөсөн дэвжээн дээр хоёрхон хүн барилддаг. Монгол бөх газрын түвшинд, нэг зэрэг олон бөх барилддаг учраас камер ашиглах ажил дээр технологийн дэвшлийг маш сайн зохион байгуулж ажиллах хэрэгтэй. Хоёр бөхийн барилдааныг зүүн талаас нь авсан бичлэг нэг өөр, нөгөө талаас нь авсан бичлэг бас нэг өөр харагддаг. Тиймээс талбай дээрээс шууд дамжуулж буй телевизүүдтэй МҮБХ хамтарч ажиллах нь зүйтэй гэж үзсэн. Өөрөөр хэлбэл шууд дамжуулах зөвшөөрөлтэй, өнцөг бүрээс нь авсан дүрс бичлэгүүдийг ашиглаж шаардлагатай тохиолдолд шүүлт хийж болно. Түүнээс гар утасны бичлэг барьж гүйж ирээд энэ дээр би давж, энэ унасан байна гэж зүтгэхгүй гэсэн үг. Барилдаанд камерын бичлэгийг хэрэглэж болно гэдэг заалтаар бүх барилдааныг камераар шүүнэ гэсэн үг бас биш. Шаардлагатай, маргаантай, ойролцоо унасан зэрэг тохиолдлуудад л бид камерын бичлэгийг ашиглаж шүүлт хийх боловч эцсийн шийдийг хөлийн цэц гаргана.

-Бөхчүүд ойролцоо унах тохиолдолд өөрийнхөө түрүүлж унасан эсэхийг ер нь мэддэг гэж ярьдаг юм билээ. Энэ ер нь үнэн үү?

-Ер нь бөх хүн бол өөрийнхөө унасан уу, давсан уу гэдгээ маш тодорхой мэднэ. Хоёр хүн зэрэг унаж байхдаа за, би арай түрүүлээд уначихлаа даа гэдгээ маш сайн мэднэ. Бөхчүүд маань жудаг, ёс зүй гаргаад унасан, давснаа хүлээн зөвшөөрөөд явчихвал заавал энийг камераар шүүгээд, хэрүүл маргаан болоод байх шаардлагагүй. Хэзээ нэгэн цагт ёс зүйн тал дээр энэ хэмжээнд ирнэ гэж найдаж сууна.

"Допингийн шийтгэл дээр бөхчүүдийг алагчилж болохгүй ба допинг монгол бөхийн удмын санд асар хор уршигтай"

-Бөхчүүд сүүлийн жилүүдэд допингтой ихээр нэр холбогддог боллоо. Наадмын үзүүр түрүүний бөхөөс хүртэл допингийн төрлийн бодис илэрсэн. Сэргээшийн төрлийн бодис хэрэглэх нь бөхчүүдийн ухамсар, ёс зүйтэй давхар холбогддог юм шиг санагддаг?

-Монгол бөхөд орж ирж байгаа хамгийн хар бараан, гунигтай зүйл бол допинг. Энэ бол байж боломжгүй зүйл. Нэгдүгээрт, шударга өрсөлдөөн. Хоёрдугаарт, удмын генийн том дархлаа байхгүй болно шүү дээ. Монгол бөх маань дандаа удам дамжсан бөхчүүдийн үргэлжлэл байдаг. Допингоос болоод маш том асуудлууд үүсч, улсын наадмын түрүү үзүүр бөхчүүдээс хүртэл илрэх тохиолдол бий боллоо. Тиймээс допингийн асуудалд маш цэгцтэй, хэн нэгэн бөхийг алагчилж үзээгүй бодлого гаргаж авч явахгүй бол хэдэн жилийн дараа Монгол бөх ямар байдалд хүрэх вэ гэдэг айдастай байгаа. Миний хувьд бүр үнэхээр айдас хүрч байна. МҮБХ-ны аль ч дүрэмд допингийн эсрэг заалт байхгүй явж ирсэн. Бид сая хуралдсан Цэцдийн зөвлөлөөрөө допинг хэрэглэсэн бөхөд хүлээлгэх сахилга хариуцлагын заалтыг дүрмэндээ орууллаа. Улсын баяр наадамд шөвгөрсөн бөхчүүдээс допингийн шинжилгээг Допингийн эсрэг үндэсний төв аваад, БНСУ руу явуулж шинжлүүлээд, хариуг нь баяр наадам зохион байгуулах хорооны бөхийн салбар комисст хүргүүлснээр үр дүнг нийтэд зарладаг. Бидний зүгээс бөхчүүдийнхээ эрх ашиг, эрүүл мэнд, энэ спортоо хамгаалахын тулд допингийн шинжилгээ авах ажлыг МҮБХ өөрсдөө зохион байгуулах нь зүйтэй гэсэн дүгнэлтэд хүрсэн. Гэхдээ холбоо зохион байгуулж байна гээд шинжилгээ аваад явахгүй. Мэдээж Допингийн эсрэг үндэсний төвтэй хамтраад яг ном журмынх нь дагуу зохион байгуулна.

-Жил бүрийн наадмын дараа бөхчүүдээс допинг илэрдэг. Илэрсэн бөхчүүд нь бараг бүгд миний шинжилгээний хариу буруу гарсан, солигдсон гээд маргадаг. Зарим нь бүр шүүхэд хүртэл хандсан. Холбоо одоо энэ асуудал дээр хэрхэн анхаарч ажиллах вэ?

-Допингийн шинжилгээ авах явцад бөхийн дэвжээдийн төлөөллүүд хөндлөнгийн хяналт тавина гэдэг заалтыг дүрмэндээ оруулсан. Жишээлбэл, Архангай аймгийн бөх шинжилгээнд ороход бусад аймаг, дэвжээдийн төлөөллүүд савны бүрэн бүтэн байдал, лац, ломбо таарч байна уу гэх зэрэг хяналтыг тавина. Ийм байдлаар авсан шинжилгээний хариу нь МҮБХ-д хамааралтайгаар ирээд, бид дүрмийн дагуу зохих сахилгын шийтгэлийг оноогоод явна.

-Заалны барилдааны үеэр допингийн шинжилгээ авах уу?

-Ганцхан наадам гэхгүйгээр заал, танхимын барилдаануудын үеэр ч гэсэн МҮХБ мэргэжлийн байгууллагатай нь хамтраад, хөндлөнгийн хяналтаа оруулж байгаад допингийн эсрэг шинжилгээ авна.

-Сахилгын шийтгэлийг чангаруулсан шийдвэрийг бөх сонирхогчдод их таатай хүлээн авч байна. Допинг хэрэглэсэн бөхийн барилдах эрхийг 4 жилээр хасах, 40 сая төгрөгөөр торгох болжээ?

-Дэлхийн допингийн үндэсний төв 2019 онд өөрийнхөө дүрэм журмыг шинэчилж баталсан. Өмнө нь ОУ-ын тэмцээнүүдэд оролцсон тамирчнаас допинг илэрсэн тохиолдолд хэрэглэсэн бодис, хэм хэмжээнээс нь шалтгаалж 2, 3, 4-н жил гэсэн янз бүрийн байдлаар эрх хасах шийтгэл ноогдуулж байсан. Сүүлийн шинэчлэлээрээ допингийн төрлийн бодис илэрсэн л бол их бага, төрөл хамаарахгүйгээр барилдах эрхийг нь 4 жилээр хасахаар болсон. Өөрөөр хэлбэл дэлхий дахинд баримталж буй бодлоготой уялдуулж эрх хасах хугацааг тогтоосон. Цэцдийн зөвлөлийн хэдэн хүн нийлж суугаад санаанаасаа зохиосон зүйл биш. Эрхээ хасуулчихсан үедээ нэг газар очоод барилдчихдаг тохиолдлууд өмнө нь гарч байсан. Эрх хасуулсан хугацаандаа барилдсан бол тэр өдрөөс нь 4 жилийн хугацааг нь дахин тоолж эхлүүлэхээр боллоо. Мөн бөхийн нэр хүндийг унагаж, дүрмээ зөрчиж буй тул тодорхой хэмжээний мөнгөн торгууль давхар байх ёстой гэж үзсэн.

legacy:hereglesen zurag/NewFolder/Ontslokh/wetransfer-345fef/wetransfer-345fef/untitled folder 3/IMG_5175.JPG

"Наадмаар цолны батламж олгоод шинжилгээний хариу гарсны дараа Ерөнхийлөгч зарлиг гаргаж цолыг нь олгоно"

-Цол, тэмдгээ аваад найр наадмаа хийчихээд сууж байтал хариу нь эерэг гараад бөөн асуудал үүсдэг. Допингийн шинжилгээтэй холбоотойгоор энэ жилээс эхлээд наадмаар цол авсан бөхчүүдэд цолыг нь биш цолны батламжийг нь гардуулж өгөх юм байна. Энэ талаар та уншигчдад маань тайлбарлаж өгөхгүй юу?

-Ерөнхийлөгчийн зарлиг маш чухал, нэр хүндтэй зүйл. Наадмын өдөр зарлиг гаргаж, цолыг нь дуудаж өгчихөөд дараа нь асуудал үүсдэг. Нэгэнт гарсан Ерөнхийлөгчийн зарлиг буцаж хүчингүй болохын тулд бас л цаг хугацаа, процессын хүндрэлийг туулдаг. Энэ өөрчлөлт хийгдсэнээр Ерөнхийлөгчийн зарлигийн үнэ цэнийг хадгалах санаа ч давхар байгаа юм. Өөрөөр хэлбэл, наадмаар 7 давсан бөхөд заан цол олголоо гэсэн батламж гардуулна. Шинжилгээний хариу гараад ямар нэгэн асуудалгүй гэдэг нь батлагдвал тэр үед Ерөнхийлөгч албан ёсоор зарлигаа гаргаад цолны үнэмлэх, тэмдгийн нэг өдөр гардуулж өгнө. Харин шинжилгээний хариу гартал бөхчүүд маань авсан шинэ цолоороо бүх шатны барилдаануудад оролцож болно гэдгийг онцолмоор байна.

-Өнгөрсөн долоо хоногт МҮБХ-нд гадаад улсуудад зохиогддог наадмуудаар аймгийн цол олгох тухай хүсэлт ирсэн. Үүнийг зарим нь шүүмжлэх өнгө аястай, зарим нь ч яагаад болохгүй гэж гэсэн байр суурьтай байна лээ. Сая хуралдсан Цэцдийн зөвлөлийн хурлаар энэ асуудлыг хэлэлцсэн үү?

-Дэлхийн монголчуудын холбооны спортын салбар зөвлөлөөс ийм санал хүсэлт тавьсан. Сая хуралдсан Цэцдийн зөвлөлөөр энэ асуудал дээр ямар нэгэн шийдвэр гаргаж амжаагүй. Дараагийн Их эе, Цэцдийн зөвлөл дээр энэ асуудал яригдаад явах байх. Миний хувьд наадам гэдэг бол монголчууд бидний соёлын үнэт өв. Гадаадад байгаа монголчууд чинь бидний нэг л хэсэг. Харин ямар шатны цол хэргэм олгож болох вэ. Солонгост болсон наадмаар аймгийн арслан авсан хүн энд ирээд яаж эрэмбэлэгдэх вэ гэдгийг нарийн тооцох хэрэгтэй. Бас өрсөлдөөн харьцангуй бага газрууд руу бөхчүүд очиж барилдаад аймгийн цол аваад байх зэрэг нугалаа ч үүсэх магадлалтай. Нэгэнтээ л Монгол түмэн харийн нутагт байгаа ч гэсэн үндэсний өв уламжлалаа хадгалж хамгаалаад баяр наадмаа хийж байгаа учраас ямар шатны цол олгох, тэрийг хаана нь эрэмбэлэх вэ гэдгийг нарийн судалж тооцоод таарсан цолыг нь олгоод явж болох байх гэж би хувьдаа бодож байна.

-Бөхчүүд, бөх сонирхогчид үндэсний спортоо шинэчлэх ёстой. Хоцрогдлыг арилгая гэж ярьдаг. Магадгүй МҮХБ-ноос өнөөдөр хийж буй дүрмийн өөрчлөлтүүд ч энэ ажлын нэг байх. Таны бодлоор үндэсний бөх шинэчлэгдэх ёстой юу, ирээдүйн хөгжлөө яаж тодорхойлбол зүгээр вэ?

-Монгол үндэсний бөх маань хэдэн мянган жилийн уламжлалтай. Монгол хүний амьдралын хэв маяг, ёс заншил, Монгол эр хүний ёс суртахуун, ёс жудаг, ноён нурууг зааж, бас илэрхийлдэг. Ард түмний дундаас үүсч гарч ирсэн үндэсний өв соёлыг олон талаас нь их өөрчлөх гээд үзвэл буруудах магадлалтай. Хэм хэмжээтэй, зайлшгүй шаардлагатай зүйлүүдийг шинэчлээд явж болно. Хэтрүүлж болохгүй. Барьц сонгоо бол үүний том нотолгоо. Өнөөдөр бид буруу зүйл хийжээ гээд буцаагаад дүрмээ өөрчилж, засаад явж байна шүү дээ.

-Ярилцлагынхаа төгсгөлд уншигчиддаа сонин болгоод танаас асуух нэг асуулт байна. Бөхөд хайртай олон хүн таныг 100 жилийн ойгоороо зүлэг ногоон дэвжээнээ зодоглоно гэж таамаглаж байгаа. Та наадмаар барилдах уу?

-Ардын хувьсгалын 100 жилийн ой гэдэг бол маш том зүйл. Монгол Улсын тусгаар тогтнол, нийт ард түмний эв нэгдэл, Монгол Монголоороо дэлхий дахинд харагддаг бас харуулдаг. Мөн үндэсний өв соёлоороо бахархаж, дэлхий дахинд гайхуулдаг ийм сайхан баяр бол үндэсний баяр наадам шүү дээ. Энэ утгаараа 100 жил бол бүр илүү ач холбогдолтой байж таарна. Миний хувьд 100 жилийн ойгоороо барилдана гэсэн бодолтой байна.

-Ярилцсанд баярлалаа.

Г.Лхагвадорж

Хуваалцах:170

СЭТГЭГДЭЛ (17)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    зочин5 жил өмнө

    өөрөө өндөг шиг өөгүй юм шиг л ярьлаа, тэнэг хүн хуурч байгаа биш боловсролтой ёс зүйтэй бөхчүүдээ дээд удирдлагаараа сонгож болдоггүй юмуу, дээрээ суудлаа олохгүй бол доороо гүйдлээ олохгүй гэдэг байхаа, та нарын хэрүүлч авгай нар шиг хэрүүлээс болж бөхчүүдийн нэр хүнд газраар нэг хөглөрлөө ичдэггүй духнууд

  • Н
    Нэмэх5 жил өмнө

    Монгол. бөх барилдах. гэдэг. монголчуудын. ухааралыг. төрүүлж, харуулж , харуулж. сэргэг. соргог бий. болгодог учир. баяр. баясгалангаар дамжуулж. үйлдэл. ариусдаг. юм. Иймд. энерги. / хийморь/ сэргээх бясалгалаар. зохицуулагдсан. Үзэл. суртал, таамаг, төөрөгдөл, хүсэл шунал, бодоролоос зайтай байх. зарчимтай.

  • З
    Зочин5 жил өмнө

    Өсөхөө аварга барьц сонгож шоо бууж түрүүлж байсан хүн дээ

  • О
    Онигоо5 жил өмнө

    Бүх хүн л хувиа хичээх юм. Наадам дуусаад цол нэмсэн бөхчүүд допинг хүлээгээд баярын мишээлгүй хагас жил болох уу. Арай биш юмаа нээрээ

  • K
    Kk5 жил өмнө

    Oyunboldin asuudlig asuuh aas yagaad zugataad bna kk, asuuj bgaam bol buh sonirhogch iin sonirhoj bgaa bvh asuudlig asuumaar kkk

  • Z
    zochin5 жил өмнө

    Ragchaa garid yg yu ogson we geed asuugaad ogoh setgvvlch bna uu . 400 tog emeer vzvvrt hvr ch bgaa sumand bol zaan ene sum emtei tsug ochinoo zaan hiihed 4.5say hvreed bhad bi 400 emt ochood zaan bolno yadi Zvgeer utga alga 21aimgaas 1tom tsolt boh ochood dvrem juram yrih heregt teghgvi 2aimgiin golduu hvmvvs shiidehgvi ee ene deer svhbataas awuulaad hvmvvs alga shudraga baiy Darhan awarga mini Ragchaad yu ogson tailbar l daaa

    • Х
      Хариулт5 жил өмнө

      Вакус

  • K
    kb5 жил өмнө

    Давах нь даваад унах нь унаад зүгээр л орих хэн чадаж бгаан цаашаа явах хэрэгтэйш дэ тухайн орны мэрэгжилийн спорт тодорхой хэмжээнд ядрахгүй бэлдмэлүүд хэрэглэх ёстойшдэ нээх худлаа шийдвэр гарагдаг баатрууд болохоо болиооо тухайн үед та нарч гэсэн хэргэлжил бсышлдээ манай улсын мэрэгжилын спорт чинь бөхийн спорт шү дээ хэн чадалтайн яваг л дээ зүгээр орих.

  • З
    Зочин5 жил өмнө

    Барьцтай ч түрүүлнэ.барьцгүй ч түрүүлдэг сайхан аваргадаа.тийрүүлсэний хохоь нь ггэж байгаамдаа өөрөөсөө болсон юмдаа гэж

  • Б
    Бөх судлаач5 жил өмнө

    Үндэсний дархлаа болсон том өв соёлын асуудал ярьж байгаа болохоор энэ хэдэн бөхийн эрх ашгийн асуудал биш зоригтой өөрчлөлтүүдийг хийх хэрэгтэй! Ямар ё судалгаа,хэлэлцүүлэггүйгээр тэргүүлэгч гэх хэмжээнд шийдэж оруулсан харцага,гарди гэдэг цолыг хасаж хуучинаараа болгох хэрэгтэй! Чимэгээрээ эрэмблээд явчихана.Хууль хэрэгжиж эхлэснээс цолыг тооцно гэж байснаа сүүлдээ амьд байгаад нь олгоно гээд сүүлдээ бүгд харцага болсон нь хууль зөрчсөн үйлдэл болсон!Хэрэв тэр хуулинд өмнө нь зургаа давсан бөхчүүдэд харцага цол олгоно гэж заасан бол 6 давж заан болсон хүмүүс бүгд харцага болох ёстой!Энэ мэт цол завшсан асуудал олон байна! Энэ допин гээд цолыг зүгээр хөөцөлдөөд танил талтай нь авдаг болж!Хуулинд хэд давж цол олгох ёстрй юм тэрийг л хэрэгжүүлмээр!

  • S
    sogoo5 жил өмнө

    goy shaajina

  • Х
    Хариуцлага тооцох уу .5 жил өмнө

    Улсын наадмаар уначихаад давсан бөх өө зоддог нөхөдүүдэд ямар харуцлага тооцох бээ . . 2006 онд Архангайн Пүрэвсүрэн начин М.Баяржавхланг амлаж аваад 5 унагасан чинь босч ирээд шанааддаг маш танхай харгис зан гаргаж байсан . Төр түмний орон даяар давсан бөхөө зоддог нь зөв үү . Дараагийн даваанд нь Өсөхбаяр аварга амлаж аваад давчаад алгадаж байсан туйлийн зохимжгүй харагдсан шүү . 2012 онд Пүрэвсайхан заан Дундговийн Пүрэвжавыг бас амлаж аваад давсан чинь тийрсэн . Ямар ч хариуцлага тооцоогүй дээ . Төрийн наадамд төв цэнгэлдэхэд ийм үйлдэл гаргавал яах талаар юуч ярисангүй дээ.

  • Ө
    Өөрөө дандаа бахьц сонгоод л даваад байсан да.5 жил өмнө

    Энэ хүн өөрөө дандаа барьц сонгож давж түрүүлсэн хүн дээ .

  • И
    иргэн5 жил өмнө

    Батламж олгож шинжилгээний хариу гарсаны дараа цол олгох нь зөв.Ганц шинжилгээ ч биш,үндэсний бөхийн барилдааны дүрэм зөрчсөн,ёс зүйгүй үйлдэл гаргасан,зориудаар бусдыг бэртээсэн,наадамчин олны үл хүндэтгэсэн зэрэг үйлдийг нэг бүрчилэн хэлэлцэж цол чимэг олгодог байх хэрэгтэй.

  • M
    mgl5 жил өмнө

    Manai avarga uuruu barits awch l avarga bolj ban da

  • Б
    Болдоо5 жил өмнө

    Сайхан яарилцлага болсон байна.

  • Ц
    Цэрэндагва5 жил өмнө

    Өндөр даваанд барьц сонгохыг болиулах байсын.Барьц сонгооны шийдвэр Өсөхбаяр аваргад хамгийн их үр дүнгээ өгсөн байдын