ТОЙМ: Өчих мэхээр медаль өвөртлөсөн удаах өдөр

Токио-2020
Б.Амарбаясгалан
Унших: 1 мин 55 сек
20
legacy:Olimpic games/Judo/218926818_513858969820594_8467495850298823812_n copy.jpg

“Токио-2020” олимпын наадмын гурав дахь өдрийн уралдаан, тэмцээнүүд зохион байгуулагдаж өндөрлөлөө. Олон улсын хэмжээний мастер Цэнд-Очирын Цогтбаатар олимпын наадмын хүрэл медалиар энгэрээ мялаасан нь өнөөдрийн онцлох үйл явдал байсан бол Хөдөлмөрийн баатар, олимпын мөнгө, дэлхийн аваргын алт, хүрэл медальт Доржсүрэнгийн Сумъяа эхний тойргийн барилдаандаа ялагдал хүлээн энэ удаагийн олимпын наадмыг дэвжээнээс буулаа. Энэ мэт олимпын наадмыг тойрсон үйл явдлаар дүүрэн өдрийн мэдээллийг тоймлон хүргэж байна.

Хөдөлмөрийн баатар Д.Сумъяа бэртлийн улмаас эхний шатнаас "мултарлаа"

legacy:Olimpic games/Judo/Sumiya/Sumiya.jpg

Жүдо бөхийн эмэгтэйчүүдийн 57 кг-ын жинд манай жүдоч Хөдөлмөрийн баатар, олимпын мөнгө, дэлхийн аваргын алт, хүрэл медальт Доржсүрэнгийн Сумъяа Словен жүдоч Кажатай барилдаж ялагдал хүлээлээ. Бэртэлтэй байсан манай жүдоч энэ удаагийн олимпын наадмаа энд хүрээд өндөрлүүлэв.

Монгол Улсын төрийн далбааг Токиогийн тэнгэрт дахин мандуулсан эрхэм Ц.Цогтбаатар

legacy:Olimpic games/Judo/Tsogtbaatar/Tsogtbaatar hurel.jpg

Манай жүдоч олон улсын хэмжээний мастер Цэнд-Очирын Цогтбаатар Канадын жүдоч Артур Маргэлидонтой барилдаж хүрэл медаль хүртсэн. Тэрбээр медалийн төлөөх барилдаанд Японы босоо аварга Шохэй Онод ялагдсан хэдий ч Артур Маргэлидоны эсрэг барилдаандаа 30 секундын дотор өчих мэхээр цэвэр ялалт байгуулан Монгол түмний магнайг тэнийлгэлээ.

2016 оны Риогийн олимпт ялагдал хүлээн уйлж суусан Ц.Цогтбаатар өнөөдөр алтын дайтай хүрэл медаль хүрсэн нь сэтгэл хөдөлгөм мөч байв.

13 настай охин Олимпын аварга болж рекорд тогтоов

legacy:99999.jpg

Токиогийн олимпын скейтбордын тэмцээн болов. Тус төрөлд Японы 13 настай охин Момижи Нишияа түрүүлж олимпын скейтбордын аварга болсон анхны эмэгтэй тамирчин боллоо. Ингэснээр тэрбээр олимпын түүхэнд хамгийн залуудаа аварга болсон тамирчнаар шалгарч рекорд эвдсэн юм.

ОХИДЫГ БҮҮ УЙЛУУЛ

legacy:Olimpic games/219012049_1248942048898876_9127814269516631206_n copy.jpg

Монголын 3х3 сагсан бөмбөгийн эмэгтэй шигшээ багийн охид өнөөдөр өглөө Румын улсын багтай тоглон 22:14 харьцаагаар хожигдол хүлээсэн. Мөн үдээс хойш Францын багтай тоглон 22:18 харьцаатайгаар хожигдлоо. Маргааш Хятадын багтай хэрхэн тоглохоос үл хамаарч найдлага тасарсан хэдий ч Их гүрний шигшээ багуудтай мөр зэрэгцэн өрсөлдөж, богцондоо туршлага хуримтлуулсаар энэ удаагийн наадмыг өндөрлүүлэхээр болж байна. Анхны юм гэдэг амаргүй байдгийг мэдрүүлсэн хожигдлууд байв.

Харин эх орноо төлөөлөн бие, сэтгэл бүхий л зүйлсээ зориулж буй баг тамирчдынхаа "сэтгэлд юм хийх" олиггүй үгс чулуудаж буй сэтгэгдлүүд цахим орчинд цөөнгүй үзэгдэж байна. Францтай хийсэн тоглолтын дараа нэгнээ тэврэн уйлж буй охидод сэтгэлийн дэм өгөхийн оронд өөдгүй үгсээр дайрч буй хүмүүст хандан ОХИДЫГ БҮҮ УЙЛУУЛ гэж хэлмээр санагднам.

Б.Амарбаясгалан

Хуваалцах:20

СЭТГЭГДЭЛ (2)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • Г
    Гэрэл5 жил өмнө

    Үнэхээр бахарахмаар сайн байсан шүү.Шууд ороод л медаль авчихдаг юм гэж хаана ч байхгүй.

  • З
    зочин5 жил өмнө

    Та нараар бахархаж байгаа бид. Хожигдож байж хожиж сурдаг нь спортын болоод амьдралын жам. Охид минь толгой өндөр, бие цэх, сэтгэл уужим тайван байгаарай. Та нар багийн спортын анхны зам, мөрийг тавьж байгаа. Замгүй газар зам гаргах гэж ямар их хүч хөдөлмөр, зовлон бэрхшээл, бухимдал, будилаан гардаг билээ. Та нар түүнийг хийж байна. Та нарт амжилт, аз жаргалыг хүсье.