“Гэмт хүн гэлбэлзэнэ“

Улс төр
umaahan
Унших: 1 мин 30 сек
20
legacy:tomuu2026/MPA_5723.jpg

Хэзээнээсээ УИХ-ын гишүүний бүрэн эрх гэдэг зарим нэг эрх мэдэлтнүүдийн хувьд булхайгаа нуух нуувч болсоор ирсэн. Тиймээс гэмт хэрэгт холбогдсон гишүүд бүрэн эрхээсээ татгалзахгүй хэмээн тас гүрийдэг уламжлалтай. Өнгөрсөн 30 гаруй жилийн хугацаанд ч гэсэн бүрэн эрхээсээ татгалзаад шалгуулсан гишүүд гарын таван хуруунд багтахаар цөөхөн байна.

Тэгвэл “Нүүрсний” гэх хэрэгт холбогдоод буй УИХ-ын гишүүн Н.Наранбаатар “Намайг хэлмэгдүүлэх нөхцөл бүрдчихсэн байна гэх болгоомжлол төрсөн учраас л бүрэн эрхээсээ татгалзахгүй шалгуулна” хэмээн “Өдрийн сонин”-д ярилцлага өгчээ.

Түүнийг ямар хэргээр шалгаж байгааг манай ubn.mn сайт өнөөдрийн “ЭХ СУРВАЛЖ: “Ажнай” 28.7 тэрбумын ногдол ашиг илүү авч Капитроноороо угаасан, Т.Аюурсайхан 1.6 тэрбумын хөрөнгөө тайлбарлаагүй, Н.Наранбаатар Б.Ганхуягт нөлөөлж хятадуудад давуу байдал олгуулжээ” хэмээх нийтлэлдээ бичсэн болно.

УЕП Б.Жаргалсайхан зүгээс ч гэсэн “Нүүрсний” гэх хэрэгт холбогдоод байгаа гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх зайлшгүй шаардлагатай байна гэдгээ хэлээд буй.

Гэтэл мань хүн “бүрэн эрхээсээ татгалзахгүй, хууль шүүх намайг хэлмэгдүүлэх гэж байна, Өмнөговь аймгийг төлөөлөлгүй болгох гэж байна” хэмээн ард түмний нэр барьж буйг олон нийт “гэмт хүн гэлбэлзэж байна” хэмээн бичиж эхэлжээ. Энэ ч үнэний ортой байж болох. Учир нь Монгол Улсын хууль шүүхийн байгууллага улаан цайм хүнийг хэлмэгдүүлсэн тохиолдол сүүлийн 30 жил лав гараагүй. Хуулийг хамгийн их дээдэлж, ард түмэнд үлгэр дуурайлал болох хүмүүс нь ийнхүү үгүйсгэж байгаа нь хачирхалтай.

Ямартай ч өнөөдрийн Халдашгүй байдлын дэд хорооны хурлаар нүүрсний гэх тодотголтой авлига, албан тушаалын гэмт хэрэгт холбогдоод буй “их гурвал”-ыг бүрэн эрхээс нь түдгэлзүүлэх асуудлыг хэлэлцэж шийдвэрлэх билээ.

Гэхдээ Т.Аюурсайхан нь лоббидож гүйхгүй, “Ажнай” Бат-Эрдэнэ нь "тэрбумдахгүй", Н.Наранбаатар нь “гэлбэлзэхгүй” бүрэн эрхээсээ татгалзаад үнэн мөнөө тогтоолгочихвол хаа хаанаа тус дэмтэй мэт.

Мөн энэхүү нийтлэлтэй холбоотой: “Хэрэгт холбогдсон гишүүдээ ХАМГААЛЖ үлддэг парламентын “муу зуршил“-ууд...”-нийтлэлийг ЭНД ДАРЖ уншаарай.

Х.Зориг

Хуваалцах:20

СЭТГЭГДЭЛ (2)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин2023/03/29

    МАН, АН хулгайч нараар хууль тогтоолгож байгаадаа ичих хэрэгтэй, эдгээр намууд монголыг ийм царайтай болгосон 30 жилийн алдаагаа засч хулгайч нараа хамгаалалгүй хуулийн байгууллагад ажлаа хийх боломж олгохгүй бол ард түмэн энэ хоёр намыг тэр чигээр нь устгах цаг болсон. АТГ, Цагдаа Прокурор гайгүй шудрага ажиллаж байна хүзүүтэй хүзүүгүй хулгайч нарын томилсон шүүгч нар нь яадаг юм байгаан.

  • И
    ИРГЭН2023/03/29

    АТГ-Д БАЯР ХҮРГЭЕ. САЙН АЖИЛЛАЖ. ХАРИН ШҮҮХ ДЭЭР ОЧООД БҮХ ЮМ ЗАМХАРДАГ. АРД ИРГЭДЭЭРЭЭ НИЙЛЖ ШҮҮГЧДЭД ШУДРАГА ШҮҮЖ ӨГӨӨЧ ГЭЖ "ХАНДИВ" НЭРЭЭР АВЛИГАЛ ӨГӨХ Л АРГА БАЙНА. АРДЧИЛСАН МОНГОЛЫН АРДЧИЛСАН ШҮҮХИЙН ҮНЭН ТӨРХ НЬ ЭНЭ УЧИР ӨӨР АРГА АЛГАДАА