Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх НҮБ-ын 28 дугаар бага хурал Дубай хотноо эхэллээ

Улс төр
Г.Лхагвадорж
Г.Лхагвадорж
Унших: 1 мин 48 сек
10
legacy:Hurelsuh Erunhiilugch/ailchlal/emirat/377152502_1280351279329031_3969557649659273377_n copy.jpg

Манай сэтгүүлч Г.Лхагвадорж Арабын нэгдсэн Эмират улсын Дубай хотоос мэдээлж байна.

Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотноо Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын суурь конвенцын Талуудын 28 дугаар бага хурал /COP28 – Conference of the Parties/ өнөөдөр эхэллээ. Ирэх сарын 12-ны өдрийг хүртэл үргэлжлэх тус хуралд конвенцод нэгдэн орсон улс орнуудын төлөөлөгчид, олон улсын байгууллагууд, төрийн бус байгууллагуудын нийт 70 гаруй мянган хүн оролцож байна. Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын суурь конвенцыг 1992 онд Рио де Жанейро хотноо болсон байгаль орчны асуудлаарх дээд түвшний уулзалтаар баталсан бөгөөд Монгол Улс тус конвенцыг 1993 онд соёрхон баталсан байдаг.

legacy:Hurelsuh Erunhiilugch/ailchlal/emirat/377246129_558033576520210_1935404756522202875_n copy.jpg

Талуудын бага хурал нь уур амьсгалын өөрчлөлтийн бодит байдлыг хэлэлцдэг, хамтын гарц шийдэл олох гол индэр юм. 28 дугаар бага хурлаар уур амьсгалын санхүүжилтийг нэмэгдүүлж, хүртээмжтэй болгох, уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй алдагдал, хохирлыг бууруулах сангийн үйл ажиллагааг эхлүүлэх, сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг нэмэгдүүлэх, талуудын оролцоог хангаж, уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг үр дагаврыг бууруулах үйл хэрэгт тодорхой дэвшил гаргах зэрэг асуудлыг хэлэлцэнэ.

legacy:Hurelsuh Erunhiilugch/ailchlal/emirat/370130461_294410416892139_5841397048266617511_n copy.jpg

Арабын Нэгдсэн Эмират Улс COP28 бага хурлыг даргалахдаа дараах асуудалд тэргүүлэх ач холбогдол өгч байна. Үүнд:

Эрчим хүчний шилжилт хийх, газар ашиглалтыг шинэчлэх, хүнсний тогтолцоог өөрчлөх замаар агаарын бохирдлыг бууруулах үйл ажиллагааг эрчимжүүлэх хүч чармайлтыг тэргүүлэх чиглэлээ болгох,

Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг арга хэмжээг эрчимжүүлэхийн тулд талуудын дунд зөвшилцлийг бий болгох,

Уур амьсгалын өөрчлөлтөд эмзэг улс орнуудад зориулсан алдагдал, хохирлыг бууруулах сангийн үйл ажиллагааг эхлүүлэх,

Парисын хэлэлцээрийн хэрэгжилт, ахиц дэвшлийн талаарх цогц үнэлгээ хийх зэрэг болно.

legacy:Hurelsuh Erunhiilugch/ailchlal/emirat/368369824_363674229458012_3159783325866780893_n copy.jpg

Тус хурлын даргыг НҮБ-ын газарзүйн бүсчилсэн бүлгүүдээс ээлжлэн сонгодог. Конвенцын Талуудын 26 дугаар бага хурал 2021 онд Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Глазгоу хотноо, 27 дугаар бага хурал 2022 онд Арабын Бүгд Найрамдах Египет Улсын Шарм Эль-Шейх хотноо болсон.

28 дугаар бага хурал 2023 оны 11-р сарын 30-наас 12-р сарын 12-ны өдрүүдэд АНЭУ-ын Дубай хотноо ийнхүү болж байна.

Бага хурлын үеэр буюу 2023 оны 12 дугаар сарын 01-02-ны өдрүүдэд Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх дэлхийн удирдагчдын дээд түвшний уулзалт Дубай хотноо болох бөгөөд Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх оролцох юм.

legacy:Hurelsuh Erunhiilugch/ailchlal/emirat/368072083_1217998142939343_4626390231568564010_n copy.jpg legacy:Hurelsuh Erunhiilugch/ailchlal/emirat/370205983_878633543834568_1089316035673121941_n copy.jpg