Т.Даваадалай: Миний эрхийг хангаж, шүүх хуралд өмгөөлөгчтэй оролцуулж өгнө үү

Нийслэлийн Засаг даргын орлогч асан Т.Даваадалай болон түүний дүү Т.Мөнхдалай нарт холбогдох хэргийн шүүх хурлын урьдчилсан хэлэлцүүлэг өнөөдөр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд болж байна. Түүнтэй хамт түүний дүү Т.Мөнхдалай болон А.Ербол, Н.Билгүүн нарыг хамт шүүж буй.
Харин хуралдааны эхэнд Т.Даваадалайгийн өмгөөлөгч нар тодорхой шалтгааны улмаас шүүх хуралд ирээгүй тул хойшлуулах хүсэлт гаргалаа. Прокурор, шүүгчийн зүгээс энэ удаагийн хурал нь урьдчилсан хэлэлцүүлэг учраас заавал өмгөөлөгчтэй оролцох шаардлагагүй гэх байр суурийг илэрхийлсэн юм. Харин Т.Даваадалайгийн зүгээс "Миний эрхийг хангаж, өмгөөлөгчтэй оролцуулж" өгнө үү гэлээ. Ингээд хүсэлтийг хэлэлцэхээр шүүх түр завсарлаад байна.
Сануулахад, өнгөрсөн Даваа гаригт ЦЕГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн дарга Х.Буянтүмэн "Шинэ тойрог авто замын ТЭЗҮ, зураг төсөв нэртэй 16.9 тэрбум төгрөгийн өртөг бүхий тендер зарласан. Тендерийн сонгон шалгаруулалтыг орлогч асан Т.Даваадалай хийж, хамаарал бүхий гурван этгээдтэй нийлж, хууль бусаар шалгаруулсан. Энэ үндэслэлээр Т.Даваадалай болон гурван албан тушаалтныг их хэмжээний ашиг олж, мөнгө угаасан гэмт хэргээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1.2 дахь хэсэгт 18.6.2 хэсэгт зааснаар яллагдагчаар татан, хэргийг мөрдөн шалгаж дууссан. Хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурор хүргүүлж, БЗД, ЧД, СБД-ийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд хүргүүлээд байна. Хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийн тов зарлагдаагүй байна. Энэ хэрэгт холбогдуулан Т.Даваадалай болон бусад этгээдийн 6.2 тэрбум төгрөгийн үл хөдлөх болон мөнгөн хөрөнгийг битүүмжилж, хамгаалсан" гэсэн юм.


