УБТЗ-ын авлига, албан тушаалын гэмт хэрэг, ажын байрны дарамт болон цаг үеийн асуудлаар Монголын Төмөр замчдын ҮЭХ-оос мэдээлэл хийлээ.
Энэ үеэр УБТЗ-ын Үйлдвэрчний эвлэлийн дарга Б.Баяраа "2017 онд Төрийн гурван өндөрлөгт албан бичиг хүргүүлж байсан. Гэтэл 2017 оноос хойш зургаан жил болж байна. Энэ хугацаанд юу ч өөрчлөгдсөнгүй. Төрийн оролцоотой болоод төрийн компаниудад улс төрийн нөлөө их шургалсан.
Компанийн засаглал хөгжих боломж хаагдаад байна. Мөн гурван жилийн өмнө төмөр зам дээр вагон зарагдаад байгаа тухай тодорхой нэр зааж, АТГ-т хүмүүсийн нэрс өгч, шалгуулж байсан.
Өчигдрийн шүүх хурлыг харахад энэ нь авлигын асуудал бус татвараас зайлсхийсэн шүүх хурал болж байна. Тиймээс үүнийг яагаад авлигын асуудал мөн бэ гэдгийг хэлье. Манай төмөр замд хамгийн том эрх мэдэлтэн бол н.Амарбаясгалан гэж бүсгүй бий. Ачаа тээвэр хариуцсан замын орлогч дарга. Мөн энэ хүний доод албан тушаалтан буюу асуудал гаргаж буй С.Батдөлийн дээд талын албан тушаалтан н.Цогт гэдэг хүн бий. Дарга нар вагон зардаг асуудлыг мэддэг.
Яг үүнтэй холбогдсон ажилтан буюу Тээвэр зохицуулалтын албаны орлогч дарга нь энэ асуудлаар шалгагдаад ирэхээрээ татвараас зугтаасан болж хувирах гэж байгаа нь шүүх, хяналтын байгууллага ч мөн энэ асуудалд холбогдсон гэдгийг нотлоод байна. Тийм учраас төмөр замын дээд шатны дарга нарыг шалгах шаардлагатай.
Мөн "Чингис хаан" банканд байршуулсан 96,1 тэрбум төгрөг байхгүй болсон. Тухайн үед захиран зарцуулах эрхийг С.Чинзориг сайд авч байсан. Өнөөдөр энэ хүн ЭМЯ-ны сайдаар томилогдож байна.
Мөн ажлын байрны болон албан тушаалын дарамт маш их байдаг. Сая гэхэд л 20 гаруй хүн даргаар томилогдсон. Гэтэл жирийн ажилчдынхаа орон тоог нэмье гэхээр орон тоо байхгүй, боломжгүй гэдэг. Бүр бэлгийн дарамттай холбогдож байсан хүмүүс ч бий. Энэ хүмүүстээ арга хэмжээ авдаггүй. Хамт ажиллаад явж байна" гэв.