Автобусны байршлыг бодит цагт харуулах шинэ системийг ирэх сарын 1-нээс ашиглаж эхэлнэ

Энэ онд нийтийн тээврийн үйлчилгээнд 160 орчим шинэ автобусаар парк шинэчлэл хийж буйг хотын удирдлагууд мэдээлж байгаа ч иргэдийн хувьд автобус хүлээх, шахцалдаж зорчих асуудал хэвээр байна.
Ялангуяа ажлын цаг дуусаж, иргэд гэртээ харих оройн цагаар автобусны хүлээлт нэмэгдэж, нийтийн тээврийн хүртээмж хангалтгүй байгаа талаар иргэд шүүмжилдэг. Мөн UBCARD аппликэйшн зарим үед ажиллахгүй болж, автобусны байршлыг бодит цагт харах боломжгүй болдог байна.
Үүнтэй холбоотойгоор автобус бүрд GPS суурилуулж, байршлыг нь иргэдэд шууд харуулах санал НИТХ-ын зарим төлөөлөгчөөс гарсан юм.
Харин Нийтийн тээврийн бодлогын газрын дарга Г.Билгүүн 2024 оноос автобусны парк шинэчлэлтэй уялдуулан цахим төлбөрийн болон удирдлага, хяналтын дэд системийг ашиглалтад оруулсан. Уг систем автобусны байршлыг бодит цагийн горимоор харуулдаг ч серверийн алдаа, сүлжээний тасалдал гарч байгааг тайлбарлав.
Тэрбээр системийн хөгжүүлэлтийг хариуцсан компани болон ашиглагч “Улаанбаатар смарт” компани алдааг засаж, сайжруулалт хийж байгаа бөгөөд шинэ системд бүрэн шилжихээр ажиллаж байгааг мэдээллээ. Тодруулбал, системийг хүлээн авах комисс ажилласан бөгөөд арванхоёрдугаар сарын 1-нээс хуучин системийг зогсоож, шинэ системээр автобусны гүйцэтгэл болон хяналтыг хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.
Нийслэлийн хэмжээнд ажлын өдрүүдэд 1,180 гаруй автобус үйлчилгээнд явдаг. Гэвч 70044040 дугаарын утсанд иргэдээс өглөөний 07:00-09:00 цагийн хооронд дунджаар 20 гаруй санал, хүсэлт ирдэг байна. Тухайлбал, 2026 оны арваннэгдүгээр сарын 11-ний өдөр дээрх хугацаанд 22 дуудлага бүртгэгджээ.
Энэ нь автобусны тоог нэмэгдүүлэхээс гадна иргэдийн зорчих эрэлт, ачаалалтай уялдуулан чиглэл, давтамж, хуваарилалтыг оновчтой зохицуулах шаардлагатайг харуулж байна.
Мөн БНСУ-ын Газар, дэд бүтэц, тээврийн яамны төлөөлөгчид Улаанбаатар хотын нийтийн тээврийн үйлчилгээг сайжруулахдаа автобусны тоо, хүртээмжийг нэмэгдүүлэхээс гадна тээврийн төрөл, чиглэл, үйлчилгээний чанарыг хөгжүүлэх нь чухал гэдгийг зөвлөж байсан юм.
Нийтийн тээврийн бодлогын газрын өөрийн орлого 1.1 тэрбум төгрөг байхад урсгал зардлын дээд хэмжээ 390 тэрбум төгрөг байгаа аж.


