Хууль бусаар ашигт малтмал олборлосон иргэнийг нэг жил тэнсэж, 16 сая төгрөгийг улсын орлого болгов

Баянхонгор аймгийн нутаг дэвсгэрт тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмал хайж, олборлосон иргэнд шүүхээс нэг жилийн хугацаагаар тэнсэх ял шийдвэрлэжээ.
Тодруулбал, П.Б нь 2022 оны аравдугаар сарын 5-7-ны өдрүүдэд тус аймгийн ... сумын нутаг дэвсгэрт хууль бусаар ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулж, газрын хэвлийд халдсан байна. Улмаар байгаль орчинд хоёр сая төгрөгийн шууд хохирол, нөхөн сэргээхтэй холбоотой 491 мянган төгрөгийн хор уршиг учруулжээ.
Прокуророос уг үйлдэлд Эрүүгийн хуулийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.
Шүүхээс П.Б-г гэм буруутайд тооцож, хорих ял оногдуулахгүйгээр нэг жилийн хугацаагаар тэнссэнээс гадна гэмт хэрэг үйлдэхэд ашигласан техникийн үнэлгээ болох 16 сая төгрөгийг гаргуулан улсын орлого болгохоор шийдвэрлэсэн талаар Улсын ерөнхий прокурорын газраас мэдээллээ.



