Дүүжин замын тээврийг ашиглалтад оруулахын өмнө 750 кг ачаaтай кабины туршилт хийж эхэллээ

Улаанбаатар хотын дүүжин замын тээврийн системийг ашиглалтад оруулахын өмнө аюулгүй ажиллагааны туршилтуудыг үе шаттайгаар хийж байна.
Тодруулбал, өчигдөрөөс эхлэн кабинд 750 кг хүртэлх ачаа байршуулж, ачаалалтай үеийн туршилтыг эхлүүлжээ. Энэ үеэр моторын болон аюулгүйн тоормосыг зориудаар ажиллуулж, систем хэвийн бус нөхцөлд хэрхэн ажиллахыг шалгаж байгаа аж. Туршилтын явцад кабин хүчтэй савлах, гэнэт түр зогсох зэрэг хөдөлгөөн ажиглагдах нь аюулгүй ажиллагааг шалгах зорилготой юм.
“Пома групп”-ийн барилгын инженер Жуан Муниерийн хэлснээр, тус компани дэлхийн 90 орчим улсад дүүжин замын тээврийн төсөл хэрэгжүүлсэн туршлагатай бөгөөд эрс тэс уур амьсгалтай орнуудад ч системийг амжилттай нэвтрүүлжээ. Улаанбаатар хотын төслийн хувьд стандартын дагуу туршилтуудыг үе шаттай хийж байгаа бөгөөд 750 кг ачаатай кабины туршилт бүрэн дууссанаар төслийн ажил дуусах шатандаа орох юм байна.Түүнчлэн өвлийн улиралд ган татлагад мөс тогтох эрсдэлийн талаар мэргэжилтнүүд тайлбарлахдаа, татлага системийн ажиллагааны явцад байнга хөдөлгөөнтэй байдаг тул нэг цэгт удаан хугацаагаар хөлдөж, зузаан мөсөн бүрхүүл үүсэх магадлал харьцангуй бага гэв.
Мөн буудлын хэсэгт татлага дамраар эргэлдэх үед үүсэх үрэлтийн дулаан нь мөс тогтохоос сэргийлдэг байна.Харин зорчигч тээвэрлэж байх үед цахилгаан тасарвал нөөц генератор автоматаар ажиллаж, кабинуудыг буудалд хүргэх боломжтой аж.
Бүх кабинд радио холбоо суурилуулсан тул шаардлагатай үед зорчигчдод шуурхай мэдээлэл, зааварчилгаа өгөх нөхцөлийг бүрдүүлжээ.




