Ерөнхийлөгчийн сонгуультай холбоотой Зөвшилцөх зөвлөлийг байгууллаа

Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт УИХ-д суудал бүхий нам, эвслийн дарга нарын бүрэлдэхүүнтэй Зөвшилцлийн зөвлөл байгуулж ажиллах талаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгчээр томилогдсон өдрөө чуулганы хуралдаан дээр хэлсэн.
Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт өнөөдөр /2026.11.24/ Монгол Ардын намын дарга Н.Учрал, Ардчилсан намын дарга О.Цогтгэрэл, ХҮН намын дарга Т.Доржханд, Үндэсний эвслийн тэргүүн Н.Номтойбаяр нартай уулзаж, Зөвшилцлийн зөвлөлийн анхны уулзалтыг зохион байгууллаа.
Зөвлөлийн анхны уулзалтаар:
1. Монгол Улсын Ерөнхийлөгч шинээр сонгогдон ажилдаа орох хүртэлх хугацаанд улс орны тогтвортой байдлыг хангах, нийгэмд талцал, хуваагдал, сөргөлдөөнт байдал үүсгэхгүй байх, улс орны нийтлэг эрх ашгийг нэн тэргүүнд тавьж ажиллах;
2. Улс орон, иргэдийн өмнө тулгамдаж буй эдийн засгийн хүндрэлтэй асуудлуудыг шийдвэрлэх хууль тогтоомжийн төслүүдийг 2026 ондоо багтаан УИХ- ын чуулганаар хэлэлцэн батлах;
3. УИХ-д суудалтай улс төрийн нам, эвслийн удирдлагууд санал зөрөлдөөн үл ойлголцлыг яриа хэлэлцээний замаар зөвшилцөж шийдвэрлэх;
4. Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуультай холбоотой асуудлаар хамтарсан ажлын хэсэг байгуулах, сонгуулийг хууль тогтоомжийн хүрээнд шударга явуулах зарчим, цаашдын хамтын ажиллагааны хэлбэр, агуулгыг тохирч ажиллахад санал нэгдэж, хамтран ажиллахаар болов.


