СУРВАЛЖИЛГА: “Оюутолгой” усны 87 хувийг дахин ашиглаж, гидрогеологичдыг бэлтгэхэд дэмжлэг үзүүлж байна

Сурвалжлага
М.Ариунжаргал
М.Ариунжаргал
Унших: 10 мин 34 сек
00
ubn-v2-media-sjpe9tui-1.webp

Говийн усны нөөцийн тухай яриа зөвхөн ган, цөлжилт, малчдын худгийн асуудлаар хязгаарлагдахгүй. Газрын доорх усыг их хэмжээгээр ашигладаг уул уурхайн төслүүдийн үйл ажиллагаа, тэдгээрийн усны хэрэглээнд тавьж буй хяналт, байгаль орчинд үзүүлэх нөлөөлөл, төлбөрийн асуудал ч энэ сэдвийн салшгүй хэсэг билээ.

Тэр дундаа “Оюутолгой” компани говийн гүний усыг шавхаж байна, ундны цэвэр ус ашигладаг, ус бохирдуулсны төлбөр төлдөггүй гэх асуудал олон нийтийн дунд хөндөгдсөөр ирсэн. Гэвч эдгээр асуултад хариулахын тулд уурхайн усны хэрэглээний хэмжээг дангаар нь харах бус, ямар уст давхаргаас ус авч байгаа, хэр хэмжээгээр дахин ашигладаг, малчдын худгийн усны түвшинг хэрхэн хянадаг, усны төлбөрийн асуудал яг юунаас үүдэлтэйг тус тусад нь нягтлах шаардлагатай юм.

Тиймээс Өмнөговь аймгийн Даланзадгад суманд болсон “Монгол орны гидрогеологи, инженер геологи, геоэкологийн асуудлууд” сэдэвт эрдэм шинжилгээний 34 дүгээр хуралд оролцохоор ирсэн мэргэжилтнүүд, гидрогеологичдоос энэ талаар тодрууллаа.

-Ус байхгүй бол үйлдвэрлэл байхгүй-

78744c70-1d78-4c64-9ba5-c5d98eb4ce6f.webp


“Оюутолгой” компани уурхайн хэрэгцээний усаа Гүний хоолойн газрын доорх усны ордоос авдаг. Компанийн мэдээллээр, тус орд нь уурхайн лицензтэй талбайгаас хойд зүгт 35–70 километрийн зайд оршдог бөгөөд усны эх үүсвэрийг сонгохдоо 2003 оноос гидрогеологийн судалгаа хийж эхэлжээ. Үйлдвэрлэлд ашигладаг энэ ус нь эрдэсжилт өндөртэй, ундны усны зориулалтаар шууд хэрэглэхэд тохиромжгүй гэж компани тайлбарладаг.

Усны газрын дарга З.Батбаярын мэдээлснээр, “Оюутолгой” компани Гүний хоолойн 28 цооногоос секундэд дунджаар 500 литр ус ашиглаж, жилд 15 сая орчим шоо метр ус хэрэглэдэг байна.

Тэрбээр уул уурхайн үйлдвэрлэлд усны нөөц ямар чухал болохыг тайлбарлахын зэрэгцээ усны хэрэглээг оновчтой зохицуулах, дахин ашиглалтыг нэмэгдүүлэх шаардлагатайг онцоллоо.

З.Батбаяр “Оюутолгой компани алт, зэс, мөнгөний ордоороо тэргүүлдэг. Энэ их хэмжээний баялгийг олборлохын тулд их хэмжээний ус хэрэгтэй. Мөн ус хэрэгтэйгээр зогсохгүй усаа оновчтой ашиглахгүй бол баялгаа авч чадахгүйд хүрнэ.

Нэг зүйлийг онцлоход, Оюу толгой, Эрдэнэт үйлдвэр хоёр дэлхийд алдартай орд газар болсон нь зөвхөн алт, зэсээс гадна үйл ажиллагаа явуулж байгаа газар орчмын усны орд, нөөцөөс шалтгаалж байгаа. Ус байхгүй бол үйлдвэрлэл байхгүй.

Өнөөдрийн байдлаар тус компани гүний хоолойн 28 цооногоос секундэд 500 орчим литр ус ашигладаг. Мэдээж секундэд 500 литр гэдэг нь өндөр тоо боловч боломжит нөөц нь үүнээс их буюу 918 литр хүртэл байдаг. Жилдээ дунджаар 15 сая орчим шоо метр ус хэрэглэдэг. Ашигласан усныхаа 87 хувийг дахин ашигладаг нь сайшаалтай. Боломжтой бол 90 орчим хувь руу хүргэх шаардлагыг тавина. Гэхдээ 100 хувийн дахин ашиглалт гэж аль ч уурхайд байхгүй” гэв.

Эндээс хоёр өөр үзүүлэлтийг ялгаж ойлгох хэрэгтэй. Нэгдүгээрт, уурхайн бодитоор ашиглаж буй усны хэмжээ. Хоёрдугаарт, тухайн уст давхаргаас ашиглаж болохоор зөвшөөрсөн хэмжээ. Эдгээрийг харьцуулж байж усны хэрэглээ нөөцтэйгөө хэрхэн уялдаж байгааг үнэлнэ.

Зээлдүүлэгчдийн захиалгаар бэлтгэсэн 2024 оны есдүгээр сарын хараат бус мониторингийн тайланд Гүний хоолойн 28 үйлдвэрлэлийн цооногоос секундэд 918 литр хүртэл ус татах зөвшөөрөлтэй гэж тэмдэглэжээ. Мөн 2023 онд тус ордоос 16.74 сая шоо метр, 2022 онд 15.81 сая шоо метр ус татсан гэж тайланд дурдсан байна. 2024 оны эхний найман сарын байдлаар 9.47 сая шоо метр ус ашиглаж, секундэд дунджаар 442.1 литртэй тэнцэж байжээ.

Тус тайланд Гүний хоолойн ус давсархаг, ундны зориулалтаар хэрэглэхэд тохиромжгүйгээс гадна мал услахад ч чанарын хувьд тохиромжгүй гэж тодорхойлсон байна. Энэ нь “Оюу толгой” ундны усны эх үүсвэр ашигладаг гэх ойлголтыг нягтлахад чухал мэдээлэл боловч уурхайн хэрэглээ байгаль орчинд ямар ч нөлөөгүй гэсэн дүгнэлт биш юм.

Усны нөөцийн талаар үнэлэлт өгөхдөө зөвшөөрөгдсөн хэмжээнээс хэдийг ашиглаж байгаагаас гадна уст давхаргын усны түвшин хэрхэн өөрчлөгдөж байгаа, ашиглалтын нөлөөлөл ямар хүрээнд тархаж байгаа, орон нутгийн худгуудын нөхцөлд өөрчлөлт гарч байгаа эсэхийг хамтад нь судлах шаардлагатай.

-Б.Ууганхүү: Манай компани малчдын ашигладаг худгуудыг хамруулсан 450 гаруй цэгт хяналт, шинжилгээний хөтөлбөр хэрэгжүүлдэг-

OT.webp


“Оюутолгой” компанийн гидрогеологич Б.Ууганхүүгийн тайлбарласнаар, тус компани уурхайн талбай болон түүний эргэн тойронд газрын доорх ус, малчдын ашигладаг худгуудыг хамруулсан 450 гаруй цэгт хяналт, шинжилгээний хөтөлбөр хэрэгжүүлдэг. Судалгааны ажил 2000-аад оны эхэн үеэс эхэлсэн бөгөөд уурхайн усны хэрэглээ, орон нутгийн усны эх үүсвэрийн нөхцөлийг тогтмол ажиглах зорилготой аж.

Б.Ууганхүү “Манай компани өөрсдийн үйл ажиллагааны орчимд 450 гаруй цэгт хяналт, шинжилгээний хөтөлбөр зохион байгуулдаг. Жишээлбэл, газрын доорх усны цооног, малчдын ашигладаг худаг зэрэг цэгүүд байдаг. Анх хайгуулын үеэс буюу 2000 оны эхэн үеэс судалгааны ажлууд хийгдэж байсан.

Манайх ашигласан усныхаа 87 орчим хувийг дахин боловсруулж ашигладаг. Шүүрсэн ус, машин угаасан ус, ахуйн бохир ус болон хөргөлтийн усыг 100 хувь дахин ашигладаг. Нэг тонн хүдэр боловсруулахад 0.44 шоо метр ус зарцуулдаг нь дэлхийн ижил төстэй уурхайнуудын дундажтай харьцуулахад даруй гурав дахин бага үзүүлэлт юм” гэв.

Ус дахин ашиглах нь шинээр татах усны хэрэгцээг бууруулах гол арга замын нэг гэдгийг хуралд оролцогч гидрогеологичид онцлов. Тухайлбал, 2026 оны нэгдүгээр улирлын тайланд тухайн улиралд ашигласан усныхаа 86.4 хувийг дахин ашигласан гэжээ.

Гэхдээ дахин ашиглалтын хувь өндөр байх, газрын доорх усны нөөцөд үзүүлэх нөлөөлөл бага байх гэдэг нь хоорондоо холбоотой ч ижил утгатай ойлголт биш. Дахин ашиглалт нь шинэ усны хэрэглээг бууруулж болох ч газрын доорх усны түвшин, уст давхаргын нөхцөлд гарч буй өөрчлөлтийг тусад нь хянах шаардлага хэвээр үлдэнэ.

-З.Батбаяр: Энэ туршлага зөвхөн “Оюутолгой”-гоор хязгаарлагдах ёсгүй бусад уул уурхайн компаниуд үлгэрлэн ажиллах хэрэгтэй-

image-7bb05ea2-547a-4339-b62a-8cb0aa800de5.webp


Ус дахин ашиглалтын талаар Усны газрын дарга З.Батбаяр ярихдаа “Оюутолгойн асуудлыг яагаад ингэж яриад байна вэ гэхээр тус компани ашигласан усныхаа 87 хувийг дахин ашиглаж болж байгаа бол бусад уул уурхайн компаниуд ч мөн энэ түвшинд дахин боловсруулах хэрэгтэй.

87 хувийг дахин ашигласнаар Оюутолгой компани ашгаа нэмэгдүүлэх, үйл ажиллагаагаа тогтвортой үргэлжлүүлэх боломжтой болж байгаа. Тэгэхээр энэ туршлага дээр үндэслээд бусад компаниуд хэдий хэмжээгээр усаа дахин ашиглана, төдий хэмжээгээр үйл ажиллагаагаа урт хугацаанд тогтвортой үргэлжлүүлэх боломжтой” гэв.

Өөрөөр хэлбэл, ус дахин ашиглалт бол зөвхөн нэг компанийн үйлдвэрлэлийн үр ашгийн асуудал биш. Говийн бүсэд усны нөөц хязгаарлагдмал учраас үйлдвэрлэлд шинээр татах усны хэмжээг бууруулах, ашигласан усыг дахин боловсруулах нь уул уурхайн салбарын хэмжээнд тавигдах шаардлага юм.

-Оюутолгой компани 250–500 метрийн гүнээс мал уух боломжгүй давсархаг ус ашигладаг-

b9j0n5_4_1_copy_x974.webp
З.Батбаяр уурхайн цооногууд 250–500 метрийн гүнд, харин малчдын ашигладаг худгууд 10–50 метрийн гүнд байдгийг онцолсон юм.

Тэрбээр “Орон нутгийн иргэдийн амьдралын нөхцөлийг дордуулахгүй байх шаардлагыг компанид тавьж ажилладаг. 28 цооног хамгийн багадаа 250–500 метрийн гүнд байгаа. Харин малчдын ашиглаж байгаа худаг 10–50 орчим метрийн гүнд байдаг. Гэхдээ Оюутолгойн ашгийг ганцхан мөнгөөр хэмжихгүй. Тухайн орон нутагт байгаа малчдын үйл ажиллагаа муудах биш, илүү сайжирч, боломжит нөхцөлийг нь нэмэгдүүлэх шаардлагыг тавьдаг Усны тухай асуудал нэг өдөр яриад шийдэгдэх асуудал биш, байнгын сэдэв. Тиймээс орон нутгийн иргэд, аймаг, орон нутаг, сав газрын хэмжээнд өмнө нь байсан амьдралын түвшнийг бууруулахгүй байхын төлөө тухайн компани боломжит бүх ажлыг хийсэн байх ёстой гэсэн шаардлагыг тавьж байгаа. Энэ шаардлагын хүрээнд Оюутолгой компани нутгийн иргэдтэй хамтран ажил хэрэгжүүлдэг” гэв.

Компанийн зүгээс хэрэгжүүлдэг мониторингийн нэг хэсэг нь малчдын худгийн усны түвшнийг тогтмол хэмжих ажил. Б.Ууганхүүгийн мэдээлснээр, “Оюутолгой” компани 69 гар худгийн хэмжилт хийдэг бол орон нутгийн иргэдийн санаачилгаар байгуулагдсан “Мөнх Ногоон Галба” ТББ 87 худгийн усны түвшнийг хянадаг. Эдгээрээс 15 худгийг хоёр тал хамтран хэмждэг бөгөөд хэмжилтийн зөрүү 0.05–0.20 метрийн хооронд байдаг аж.

Тус хөтөлбөрийг 2011 оноос хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд 2018 оноос “Мөнх Ногоон Галба” ТББ орон нутгийн хамтын оролцоотой хяналтыг хариуцан ажиллаж байгаа гэж компанийн төлөөлөгч тайлбарлав.

Энд нэг чухал асуудал бий. Хоёр талын хэмжилтийн зөрүү бага байгаа нь хэмжилтүүд хоорондоо нийцэж байгааг харуулна. Харин уурхайн ашиглалт малчдын худгийн усанд нөлөөлж байгаа эсэхийг дүгнэхэд тухайн худгийн усны түвшин олон жилийн хугацаанд хэрхэн өөрчлөгдсөн, улирлын хэлбэлзэл ямар байсан, ойр орчмын бусад худагт ямар өөрчлөлт гарсан зэргийг хамтад нь харах шаардлагатай. Эдгээр үзүүлэлтүүдийг сүүлийн 15 жилийн хугацаанд харахад уурхайн усны хэрэглээ орон нутгийн малчдын худагт ямар нэг өөрчлөлт үзүүлээгүй гэдэг нь тодорхой харагддаг аж.

Компанийн мэдээллээр, хяналт шинжилгээний хөтөлбөрт малчдын энгийн гар худаг, гүний өрөмдлөгийн худаг, цаашид ашиглахаар төлөвлөсөн худаг, Гүний хоолойн уст давхаргын хяналтын цооногууд багтдаг. Мөн нуур, цөөрмийн хяналт шинжилгээ, ундны усны чанарын үнэлгээ хийдэг байна.

Орон нутгийн усан хангамжийг сайжруулах хүрээнд “Оюутолгой” компани 2011 оноос хойш 161 гар худгийг сэргээн засварлаж, гүний өрөмдлөгийн 19 худаг, технологийн зориулалттай 30 худагт нарны эрчим хүчний төхөөрөмж суурилуулжээ. Мөн 12 худгийн байшинг шинээр барьж, засварласан байна. Ханбогд сумын төвийн 13 мянган хүнийг усаар хангах хүчин чадалтай ус хангамжийн цогцолборыг 2017 онд байгуулсан гэж тус компани мэдээлдэг.

Газрын доорх усыг арвижуулах туршилтын төслийн хээрийн судалгааг 2025 онд дуусгасан бөгөөд барилгын ажлыг 2026 оны хоёрдугаар улиралд эхлүүлэхээр төлөвлөсөн гэж Б.Ууганхүү танилцуулсан юм. Гэхдээ ийм төслүүдийн үр дүнг зөвхөн төлөвлөгөө, хөрөнгө оруулалтаар бус, хэрэгжсэний дараах усны нөөцөд үзүүлсэн бодит өөрчлөлтөөр үнэлэх нь чухал.

-Ус ашигласны төлбөр төлдөг. Харин ус бохирдуулсны төлбөрийн маргаан шийдэгдсэн үү-

ubn-v2-media-wctb8y3s-1.webp

“Оюутолгой” усны төлбөр төлдөггүй гэх асуудалд нэг чухал ялгаа бий. Ус ашигласны төлбөр болон ус бохирдуулсны төлбөр нь өөр өөр үндэслэлтэй. Ус ашигласны төлбөр нь усны нөөцийг ашигласны төлөө төлдөг бол ус бохирдуулсны төлбөр нь хаягдал усны хэмжээ, найрлага, бохирдуулах бодистой холбоотойгоор тооцогддог.

Усны тухай хуульд ус бохирдуулагч нь хаягдал усныхаа хэмжээ, найрлагад хяналт тавьж, стандартын шаардлагад нийцүүлэн цэвэрлэх үүрэгтэй гэж заасан. Харин Ус бохирдуулсны төлбөрийн тухай хууль нь хаягдал усанд агуулагдах бохирдуулах бодисоос хамааруулан төлбөр тооцох зохицуулалттай.

“Оюутолгой” компани 2013 оноос хойш ус ашигласны төлбөрт нийт 218 тэрбум төгрөг төлсөн гэж 2025 оны эцсийн мэдээлэлдээ дурдсан. 2026 оны нэгдүгээр улирлын тайланд хуримтлагдсан дүнг 226 тэрбум төгрөг болгон шинэчилсэн байна. Энэ нь ус ашигласны төлбөрийн дүн болохоос ус бохирдуулсны төлбөрийн асуудлыг шийдвэрлэсэн гэсэн үг биш.

Усны газрын дарга З.Батбаярын хурлын үеэр өгсөн мэдээллээр, 2011 оноос хойш төлөгдөөгүй байсан 11 тэрбум төгрөгийн ус бохирдуулсны төлбөрийг “Оюутолгой” компани төлж барагдуулсан бөгөөд уг мөнгө Уур амьсгалын өөрчлөлтийн санд төвлөрч, 50 хувийг нь усны нөөцийг сэргээх, хамгаалахад зарцуулах аж.

Харин “Оюутолгой” компани зүгээс энэ асуудалд тайлбар өгөхдөө: “2009 онд байгуулагдсан Оюутолгойн Хөрөнгө оруулалтын гэрээнд татварын орчинг тогтворжуулах зохицуулалт тусгагдсан байдаг. Харин 2012 онд Ус бохирдуулсны төлбөрийн тухай хууль батлагдсан тул хууль тогтоомж, гэрээ хэлэлцээрийн заалтын зөрүүтэй байдлаас шалтгаалан ус бохирдуулсны төлбөртэй холбоотой ойлголт, тайлбарын зөрүү үүсээд байсан юм. Тус асуудлаар холбогдох байгууллагуудтай олон удаагийн уулзалт хийж зөвшилцөн, 2019-2026 оны гуравдугаар улирлыг дуусталх хугацаанд ногдох нийт 11.3 тэрбум төгрөгийн төлбөрийг Монгол Улсын Татварын албанд бүрэн төлж барагдуулсан. Цаашид энэхүү зохицуулалтыг илүү тодорхой болгохын тулд мэргэжлийн байгууллагуудтай хамтын ажиллагаагаа үргэлжлүүлнэ” гэсэн юм.

Иймээс ус бохирдуулсны төлбөрийн асуудлыг зөвхөн “төлсөн” эсвэл “төлөөгүй” гэсэн хоёрхон өгүүлбэрээр дүгнэх боломжгүй. Төлбөр ногдуулах хууль, гэрээний зохицуулалт, хаягдал усны дүгнэлт, холбогдох байгууллагын шийдвэрийг тулгаж байж маргаан бүрэн шийдэгдсэн эсэхийг тогтооно.

-“Оюутолгой” компани газар доорх усны асуудалд хяналт тавин ажиллахаас гадна салбарын мэргэжилтнүүд бэлтгэхэд хөрөнгө оруулж байна-

ubn-v2-media-l287layt-1.webp

Говийн бүсийн усны нөөцийн асуудлыг шийдвэрлэхэд ус ашиглалтын хэмжээ, дахин ашиглалт, орон нутгийн худгийн хяналт, төлбөрийн ил тод байдал зэрэг олон хүчин зүйл нөлөөлнө. Уурхай усны хэрэглээгээ бууруулах, дахин ашиглалтаа нэмэгдүүлэх нь чухал боловч хяналтын үр дүнг тогтмол нийтэлж, орон нутгийн иргэдийн оролцоог хангаж, усны нөөцөд гарсан өөрчлөлтийг нотолгоонд тулгуурлан тайлбарлах нь түүнээс дутахгүй ач холбогдолтой.

“Оюутолгой” компани усны салбарын мэргэжлийн байгууллагууддтай хамтран, олон нийтэд мэдлэг, мэдээлэл түгээх, усны чиглэлийн мэргэжил суртачилах “Гүнээсээ хайрлая” аянаар дамжуулан гидрогеологийн мэргэжлийг сурталчлах, их, дээд сургуулийн оюутнуудад тэтгэлэг олгох, усны салбарын боловсон хүчин бэлтгэх ажилд хамтран оролцож иржээ

BAGSH.webp
ШУТИС-ийн Гидрогеологи, инженер геологийн тэнхимийн багш Д.Энхбаярын хэлснээр, тэтгэлэг болон үйлдвэрлэлийн дадлага нь оюутнуудыг мэргэжлээрээ суралцах, цаашид ажиллахад дэмжлэг болдог байна. Тэгэхээр тухайн компани усны асуудалд хувь нэмэр оруулахаас, мэргэжлийн боловсон хүчин бэлтгэхэд чухал хувь нэмэр оруулж, сайн мэргэжилтнээ компанидаа боловсон хүчин болгож авч байна” хэмээлээ.
c087bd57-7f4d-4394-9d83-ae23261b9a5b-1.webp


Гадаадын тэтгэлэгт хамрагдсан төгсөгч Ч.Ариунаа: Би 2023 онд “Оюутолгой” компанийн тэтгэлгээр Германд гидрогеологийн чиглэлээр магистрын зэрэг хамгаалсан бөгөөд одоо Усны газарт мэргэжлээрээ ажиллаж байгаа. Тэтгэлгийн давуу тал нь суралцагч өөрийн мэргэжил дээшлүүлэх улс болон сургуулиа сонгодог. Тэтгэлэгт сургалтын төлбөр, амьжиргааны зардал, эрүүл мэндийн даатгал, дотуур байр болон Монголд ирж, буцах нэг удаагийн зардал багтдаг бөгөөд суралцаж байх хугацаанд тус компанийн эргэх холбоо маш сайн байсан. Сургуулийн сургалтын албатай байнга холбоотой байдаг байсан. Магистрын зэргээ хамгаалаад эх орондоо ирсний дараа ч Усны газартай хамтран ажлын байр бий болгож өгсөн” гэлээ.

5cd690b8-53a1-479e-a42a-ba5ff0db86a7.webp


Харин ШУТИС-ийн оюутан М.Мөнхсолонго 2026 оны намраас сургалтын төлбөр, амьжиргааны зардлын тэтгэлэгт хамрагджээ. Түүний хувьд энэ дэмжлэг санхүүгийн дарамтыг бууруулахаас гадна хичээлдээ төвлөрөх, хувь хүний хөгжлийн сургалтад хамрагдах боломж олгож байгаа аж.