Э.Болормаа: Оюутолгойн сонсгол зохион байгуулсан гишүүдийг "Намынхаа эсрэг ажилласан тул намаас хөөнө" гэж байсан

УИХ-ын гишүүн Э.Болормаатай цаг үеийн зарим асуудлаар ярилцлаа. Түүнийг 2024 оны УИХ-ын сонгуулийн үеэр гадаадын компаниас хандив авсан гэх хэрэгт холбогдуулан шалгаж эрүү үүсгэн, яллагдагчаар татаад буй. ОУПХ-ноос дээрх асуудалд хэрэг нээн, анхааралдаа авч буйгаа мэдэгдсэн.
-Олон улсын Парламентын холбооноос тантай холбоотой асуудлыг “Хүний эрх зөрчсөн” гэж үзэн, хэрэг нээснээ мэдэгдсэн. Танд албан ёсоор мэдээлэл ирсэн үү. Цаашид ямар үйл явц өрнөх вэ?
-Олон улсын Парламентын холбоо нь өөрөө хууль тогтоох дээд байгууллагуудын НҮБ гэсэн үг. Өнгөрсөн долоо хоногт ОУПХ-ны Хүний эрхийн дэд хороо хуралдаж, над дээр улс төрийн зорилгоор эрүүгийн хэрэг үүсгэж байгаа нь хүний эрхийг зөрчиж байна гэх үндэслэлээр шийдвэр гаргасан. Миний бие хувь хүн талаасаа ч тэр, УИХ-ын гишүүний хувьд ч тэр ОУ-д хандах нь эхний сонголт байгаагүй. Монгол Улсад энэ асуудал шударгаар шийдэгдэнэ гэж итгэж байсан боловч тийм нөхцөл байдал үүсээгүй. Удаа дараа намайг шударга бусаар яллах гэж оролдож байгааг эсэргүүцэж, тухайн үед УИХ-ын дарга болон намын даргадаа ч мэдэгдээд тавдугаар сарын сүүлээр ОУПХ-нд хандсан. Улмаар өнгөрсөн долоо хоногийн хурлаараа “Монгол Улсад УИХ-ын гишүүн дээр улс төрийн зорилгоор ажлаа хийх боломжийг нь хязгаарлаж эрүүгийн хэрэг үүсгэж байгаа нь хүний эрхийн зөрчил” гэж үзэж буй талаараа шийдвэр гаргасан.
Хэдүүлээ үндсэн яригдаад байгаа хэрэг нь юу юм бэ. Яагаад улс төрийн шалтгаанаар ингээд байгааг эргээд харвал, 2024 онд Монгол Улс анх удаа бүсчилсэн сонгуулийн тойрогтой болсон. Миний сонгогдсон Увс, Завхан, Ховд, Говь-Алтай аймаг буюу хоёрдугаар тойрогт УИХ-ын дарга С.Бямбацогт, АН-ын бүлгийн дарга Б.Түвшин, УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдорж, Сангийн сайд асан Б.Чойжилсүрэн, Ч.Хүрэлбаатар, одоогийн Сангийн сайд З.Мэндсайхан, Ц.Цэрэнпунцаг гэх мэтчилэн Монголын топ улстөрч төдийгүй топ баячууд өрсөлдсөн тойрог байсан. 2025 оны зургаадугаар сарын 3-нд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ огцорсон. Маргааш нь буюу зургаадугаар сарын 4-нд “Сонгуулиар мөнгө тараасан” гэх үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэсэн. Үүнийг би жилийн дараа мэдсэн. Харин зургаадугаар сарын 13-нд дараагийн Ерөнхий сайд Г.Занданшатарт 30 гишүүний гарын үсэгтэй зарчмын шаардлага тавьсан. Үүнд намын эв нэгдлийг сахиж дотоод ардчиллыг хангах, жендэрийн мэдрэмжтэй Засгийн газар байгуулах зэрэг шаардлагууд багтсан. Үүнээс сарын дараа намайг ямар ч баримт нотолгоогүйгээр яллагдагчаар татах тогтоол үйлдсэн.
Энэ хавар тойрогтоо ажиллаж байх явцад хилийн хориг тавьсан. Үүний дараа УИХ-ын тухай хуулийг удаа дараа зөрчсөн үйл ажиллагаа явсан учраас би ОУПХ-нд хандсан.
-Та хилийн хоригтой байгаа. Хилийн хориг цуцлагдсан уу. Процесс яаж үргэлжилж байна?
-Би хилийн хоригтой хэвээр байгаа. Чуулганы завсарлагаанаар гадаадад Монгол Улсаа төлөөлөх, хөрөнгө мөнгө босгох байгаль орчны салбарын хурлуудад оролцох урилгатай, УИХ-ын даргын захирамжтай байсан ч хилийн хоригоос болж явж чадаагүй. Хилийн хоригоо цуцлуулах хүсэлт гаргасан ч хүлээж аваагүй. Миний асуудлыг хэвлэл мэдээллийнхэн, иргэний нийгмийн байгууллагынхан гээд өөр хүмүүс ч туулаад явж байх шиг байна.
Би бол харамсалтайгаар улстөрчдийн чирүүлдэг хонгилын үзүүрээс биеэрээ мэдэрч байна. Хууль, шүүх, прокурор яаж дохио зангаагаар ажилладгийг, ямар ч баримт нотолгоогүйгээр ял тулгах гэж оролддогийг биеэрээ мэдэрч байна. Тэгэхээр би үүний эсрэг тууштай тэмцэнэ. Үгээ хэлдгийг нь дуугүй болгох гэж оролддог ийм л нөхцөл байдалтай байна.
-Танай намын бүлгийнхэн хоёр хуваагдчихаад, нэгэндээ хэрэг тулгах, гүтгэх үйлдлүүд гаргаж байгаа талаар ярьцгааж байна. Энэ үйлдэл хэр удаан үргэлжлэх юм бэ. Бүлэг нь эвлэрэх нь битгий хэл 30:38 нь нэмж задраад байна уу?
-Энийг бүлгийн даргаас асуух нь зүйтэй байх. Аливаа улс төрийн нам дотоод ардчилалтай байх ёстой. Бид бүх зүйл дээр санал нэгдэх албагүй. Ингэж байж эрүүл мэтгэлцээн явна. Ухаанаа уралдуулж шийдвэрээ гаргана шүү дээ.
Саяхан ч гэсэн Оюутолгойн сонсгол зохион байгуулсан гишүүдийг намаас хөөнө гээд генсек нь хүртэл ярьж байсан шүү дээ. Намынхаа эсрэг үйл ажиллагаа хийж байна гээд л. Тэрийг нь үл тоон бидний хэдэн нөхөд сонсголоо зохион байгуулж, үр дүнд нь Засгийн газар хэлэлцээрт амжилт гаргаж, ногдол ашиг авах гэж байна шүү дээ. Асуудал бүхэнд дуугүй суугаад байвал урагшлахгүй биз дээ. Би өөрийгөө уул уурхайн асуудлууд дээр нэлээн хүчтэй дуу хоолойгоо илэрхийлээд гишүүдийн нэг болов уу гэж бодож байна. Энэ дуу хоолойгоо илэрхийлэх боломжийг баруун бүсийн иргэд надад олгосон. Тиймээс аливаа барьцаа, шантааж, дарамтаас үл хамаарч дуу хоолойгоо илэрхийлсээр байх болно.
-Та сая “Оюутолгойн сонсгол зохион байгуулсан гишүүдийг намаас хөөнө” гэж сүрдүүлсэн талаар ярилаа. Саяхан “Засгийн газрын эсрэг үг дуугарсан, кноп дарсан гишүүдийг намаас хөөнө” гэж танай намын генсек хэлсэн. Ийм дүрэм, журам танай намд байдаг юм уу?
-Нэгдүгээрт, МАН бол Янгуг овогтой Содбаатарын хувийн нам биш. Нийт 300-аад мянган гишүүнтэй, үзэл санааны нэгдэлтэй, дотоод ардчилалтай, дүрэм журамтай нам. Хоёрдугаарт, нэг хүний хэлснээр явдаг дүрэм журам байхгүй. Бид 2024 оноос хойш гурав дахь Засгийн газрынхаа нүүрийг үзэж байна. Тэгвэл өмнөх хоёр Засгийн газар огцроход энэ дүрэм нь хэрэгжээгүй юм. Тийм биз дээ.
-Таны хувьд Оюутолгойн хянан шалгах түр хороонд ажилласан гишүүн. Оюутолгойн ногдол ашгийг баялгийн санд хуваарилах эсвэл нийгэм, дэд бүтцийн суурь асуудалдаа зориулна гэх маргаан өрнөөд байна. Олон нийтийн санал асуулга ч эхэллээ. Ногдол ашгийн хуваарилалт дээрх таны байр суурийг сонирхоё?
-Маш энгийнээр яривал, бид өнөөдөр мөрдөгдөж байгаа хуулиа дагах ёстой. Тэгэхээр санал асуулга явуулах нь ч буруу. Үндэсний баялгийн сан, хуримтлалын санд энэ ашгийг оруулах хуультай учраас энэ хуулиа дагах ёстой гэсэн байр суурьтай байгаа. Ногдол ашиг авах хэлэлцээр амжилттай болсонд би маш их баяртай байгаа. Гэхдээ энэ бол Монголын нийт ард түмний хөдөлмөрийн үр дүнд бий болсныг онцолж хэлмээр байна. О.Батнайрамдал гишүүний ахалсан түр хорооны гишүүд бид маш их материал дунд ажиллаж, шинжээчид нь олон ноцтой зүйлийг ил болгож хэлэлцүүлэхэд ард түмэн маш их дэмжсэн. Үүний үр дүнд Рио Тинто компанийг хэлэлцээрт “буланд шахсан” гэж хэлж болно.
Үүнээс гадна Үндсэн хуульд зааснаар, энэ байгалийн баялаг нь монголчуудын өмч гэж хэлж болох бөгөөд өгөөжийн дийлэнхийг баялгийн сангаараа хүртэх ёстой учраас хуулиа дагах ёстой.
-Баялгийн санд хуваарилах эсвэл төсөл, хөтөлбөрт зарцуулна гэхээр иргэд итгэхгүй, бэлнээр авъя гэж байгаа ч хуулийн боломж нь алга. Хуульдаа өөрчлөлт оруулах ёстой болж таарлаа. Энэ зөв үү?
-Иргэд өнөөдөр “Бэлнээр авъя” гэж хэлэхээс аргагүй нөхцөл байдалд амьдарч байна. Үнийн өсөлт, эдийн засгийн нөхцөл байдлыг хар. Өрхийн эдийн засаг яаж хумигдаж байна. Энэ бүгдийг бид анхааралдаа авч үзэх ёстой.
Ногдол ашгийг иргэдэд бэлнээр олгохын тулд Үндэсний баялгийн сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах нөхцөл байдал үүснэ.
-Ярилцсанд баярлалаа.


