1988 оны ургацын амжилтыг эвдэх төлөвтэй байна

Энэ онд улсын хэмжээнд 1.1 сая тонн ургац хураан авч, хүнсний улаанбуудай, гурил, төмсний дотоодын хэрэгцээг 100 хувь, хүнсний ногооны хэрэгцээний 70 орчим хувийг хангах урьдчилсан төлөв гарчээ.
Ургац хураалтын явц улсын хэмжээнд үр тарианы 70, төмсний 90, хүнсний ногооны 70, тэжээлийн таримлын 50, тосны ургамлын 30 орчим хувьтай байна.
Ургацын урьдчилсан балансаар 555.3 мянган тонн үр тариа хураан авахаар төлөвлөснөөс 497.1 мянган тонн нь улаанбуудай байна. Мөн 168.2 мянган тонн төмс, 218.4 мянган тонн хүнсний ногоо, 50.4 мянган тонн тосны ургамал, 201.8 мянган тонн малын тэжээлийн ургамал хураан авах тооцоо гарчээ.Сэлэнгэ аймгийн тариаланчид Ерөнхий сайд Н.Учралтай уулзах үеэр энэ жилийг газар тариалангийн салбарын түүхэнд өндөр ургац хураан авах жил болж байгааг онцолж, 1988 оны ургацын амжилтыг эвдэж байгааг хэлсэн байна.
Газар тариалангийн салбарын санхүүгийн ачааллыг бууруулах, үйлдвэрлэлийг дэмжих хүрээнд энэ онд тариалан эрхэлдэг 880 иргэн, аж ахуйн нэгжид арилжааны долоон банкаар дамжуулан 138 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгожээ.
Цаашид хүнсний улаанбуудай болон дотоодын ургацаас зах зээлд борлуулсан хүнсний ногоонд урамшуулал олгох, “Атар-IV” аяны хүрээнд зээлийн хүүгийн хөнгөлөлтийг үргэлжлүүлэх, тэжээлийн таримлын үр үржүүлэх, ган, өвчин, хортонд тэсвэртэй сортын нөөц бүрдүүлэхээр төлөвлөж байна. Мөн тариалан эрхлэгчдэд үйлдвэрлэлийн технологийн хугацаанд зөвлөн туслах үйлчилгээг төр, хувийн хэвшлийн түншлэлээр нэвтрүүлэхэд Засгийн газраас дэмжлэг үзүүлэх юм



