Хөдөлмөр эрхлэлт, жижиг, дунд бизнесийг дэмжих чиглэлээр хамтран ажиллана

Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих бодлого, хөтөлбөрийг жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих арга хэмжээтэй уялдуулах, хувиараа хөдөлмөр эрхлэгчид болон бичил бизнес эрхлэгчдэд үзүүлэх дэмжлэгийг нэмэгдүүлэх зорилгоор хамтарсан уулзалт, хэлэлцүүлэг зохион байгууллаа.
Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газраас 2026 оны аравдугаар сарын 12-нд зохион байгуулсан тус уулзалтад Жижиг, дунд үйлдвэрийн газар, Нийслэлийн жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих төв, Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим, үйлдвэрлэл, технологийн паркууд болон нийслэлийн есөн дүүргийн холбогдох байгууллагын төлөөлөл оролцов.
Уулзалтаар хувиараа хөдөлмөр эрхлэгчид, бичил бизнес эрхлэгчдэд үзүүлэх санхүүгийн дэмжлэг, жижиг зээл, бизнес инкубацийн үйлчилгээ, Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн хөнгөлөлттэй зээл болон төсөл сонгон шалгаруулалтын талаар хэлэлцжээ.
Мөн бизнес эрхлэгчдийн бүтээгдэхүүн, үйлчилгээний өрсөлдөх чадварыг сайжруулах, борлуулалтын сувгийг нэмэгдүүлэх, зах зээлд нэвтрэх боломжийг өргөжүүлэх, дүүргийн түвшинд байгууллага хоорондын уялдаа холбоог бэхжүүлэх асуудлаар санал солилцсон байна.
Цаашид байгууллагууд хамтын ажиллагаагаа өргөжүүлж, хувиараа хөдөлмөр эрхлэгчид болон бичил бизнес эрхлэгчдийн үйл ажиллагааг тогтворжуулах, бизнесээ өргөжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, тогтвортой ажлын байр бий болгох чиглэлээр хамтран ажиллахаар зорьж байна.


