Цэргийн инженерүүдийн инновацийн бүтээлүүдийг Зэвсэгт хүчний хэрэглээнд нэвтрүүлэх боломжийг судална

Батлан хамгаалахын сайд Д.Батлут Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлалд ажиллаж, үйл ажиллагаа, сургалт бэлтгэл, хүний нөөцийн хөгжил болон цэргийн инженерүүдийн инновацийн бүтээлүүдтэй танилцлаа.
Энэ үеэр Хуурай замын цэргийн инженерүүдийн бүтээсэн өнгөлөн далдлалтын инженерийн тор, халхлалтын утаат хэрэгсэл, артиллерийн галын хяналтын систем, инженерийн удирдлагын систем зэрэг төслийг дэмжихээр болжээ. Уг төслүүдийг Батлан хамгаалахын сайдын зөвлөлийн хуралдаанаар хэлэлцүүлж, туршилт, үнэлгээний үр дүнд үндэслэн Зэвсэгт хүчний хэрэглээнд нэвтрүүлэх боломжийг судлахаар болсон байна.
Мөн сайд Д.Батлут цэргийн алба хаагчдын мэдлэг, боловсрол, мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх зорилгоор бүрдүүлсэн сургалтын орчин, зэвсэг техник, номын сан болон англи хэлний сургалтын танхимуудтай танилцжээ. Эдгээр төсөл нь дотоодын цэргийн инженерүүдийн мэдлэг, ур чадварыг бодит хэрэглээнд нэвтрүүлэх, батлан хамгаалах салбарын технологийн хөгжил болон үндэсний үйлдвэрлэлийг дэмжихэд чиглэж байна.


