Ш.Ёл: Дархан цаазат газрыг шатаасан нөхцөл болон хохирлын хэмжээг нарийвчлан тогтоож, буруутай этгээдэд хуулийн дагуу хариуцлага хүлээлгэнэ

Нийгэм
М.Ариунжаргал
М.Ариунжаргал
Унших: 1 мин 39 сек
01
844381069_1485458796755748_5257835474213779892_n-1.webp

Дорнод аймгийн Халхгол сумын нутаг, Нөмрөгийн дархан цаазат газарт өргөн хэмжээний түймэр гарч, Онцгой байдал болон бусад байгууллагуудын алба хаагчид 4 дахь өдрөө ажиллаж буй.

Тодруулбал, Дорнод аймгийн Халхгол сумын Цогтсүмбэр багийн "Бичигтийн-Өндөр" гэдэг газар хээрийн гал түймэр гарсан дуудлага энэ сарын 08-ны 11.55 цагт бүртгэгдсэн аж.

Дуудлагын дагуу аймгийн Онцгой байдлын газар, Халхгол сум дахь 62 дугаар анги, Өмнөговь, Дорноговь аймгийн Онцгой байдлын газар, Хилийн цэргийн 0198 дугаар анги, Халхгол сумын Мэргэжлийн анги, Нөмрөгийн Дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны нийт 83 хүн, 13 автомашинтайгаар 10 бүлэгт хуваагдан ажилласан.

Тэгвэл эх сурвалжийн мэдээллээр, Мобиком корпорацын захирлууд тэргүүтэй таван машин хүн цэнгэг усны тул загас барихаар Хил хамгаалах ерөнхий газрын харьяа Хилийн цэргийн 0198-р ангийн захирагч, хурандаа н.Гантөгсийн зөвшөөрлөөр дархан цаазат газарт нэвтэрчээ. Улмаар Мобиком Корпорацийн Япон захирлын "Nissan Patrol-Y62" маркийн 60-11 ... улсын дугаартай машин дархан цаазат газарт зорчих үед доод хэсэгт нь өвс их хэмжээгээр орооцолдож шатсаны улмаас гал түймэр гарсан байна.

Харин “Мобиком” компаниас мэдэгдэл хийхдээ "Халхголын хилийн отрядын бүс заставыг 4G сүлжээнд холбож, Сүмбэр хилийн боомтод шилэн кабелийн холболт нэвтрүүлсэн ажлыг хүлээлгэн өгөх ажиллагаанд оролцоод, цаашид харилцаа холбооны сүлжээ нэвтрүүлэх боломжийг судлах, газар орны нөхцөл байдалтай танилцах үеэр тээврийн хэрэгсэлд гал гарч, тухайн бүс нутагт хээрийн түймэр гарсан харамсалтай үйл явдал болсон" гэв.

mjh-2.webp

Тэгвэл эл хээрийн түймрийн талаар Дорнод аймгийн Засаг дарга Ш.Ёл мэдээлэл өглөө.

Тэрбээр "Түймрийн шалтгаан, нөхцөл болон хохирлын хэмжээг нарийвчлан тогтоож, буруутай этгээдэд хуулийн дагуу хариуцлага хүлээлгэнэ. Мөн дархан цаазат болон тусгай хамгаалалттай газар нутагт хавар, намрын нэн хуурайшилттай үед зайлшгүй шаардлагагүй бол иргэд, аялагчдыг зорчихыг хориглох шийдвэр гаргана. Дорнод аймгийн Нөмрөгийн дархан цаазат газрын 80 хувийг түймэрт алдсан тул тэнд амьд амьтангүй болж байна. Үнэн мөнийг тогтоож, хуулийн хүрээнд шаардлагатай арга хэмжээг авна. Дархан цаазат газар, тэр дундаа хилийн бүсэд ийм хэрэг гарсан нь маш том асуудал” гэсэн юм.