Өмчдөө авсан "Хатанбаатар" эмнэлгийг ирэх сарын 1-нээс хүүхдийн эмнэлэг болгон ашиглалтад оруулахыг ҮҮРЭГДЖЭЭ
.webp)
“Хатанбаатар” эмнэлгийг нийслэл өмчлөлдөө буцаан авч, Сонгинохайрхан нэгдсэн эмнэлгийн салбар Хүүхдийн эмнэлэг болгохоор өөрчилсөн билээ. Хотын дарга Б.Пүрэвдагва энэ амралтын өдрүүдээр Сонгинохайрхан нэгдсэн эмнэлгийн салбар Хүүхдийн эмнэлгийн засварын ажлыг шалгалаа. Тэрбээр энэ өвөл хүүхдүүдээ коридорт ор тавьж эмчлэхгүй байх зорилтын хүрээнд Сонгинохайрхан дүүргийн 100 ортой Хүүхдийн эмнэлгийг арваннэгдүгээр сарын 1-ний дотор ашиглалтад оруулах үүрэг өгчээ.
Сонгинохайран дүүргийн 368,000 хүн амын 135,000 нь хүүхэд бөгөөд тэдний эрүүл мэндийн тусламж үйлчилгээг өнөөдрийг хүртэл дүүргийн Нэгдсэн эмнэлэг дангаараа хариуцаж, ачаалал нэн хүнд байсаар ирсэн. Харин нийслэлийн өмчид эргүүлэн авсан тус эмнэлгийг Хүүхдийн төрөлжсөн эмнэлэг болгосноор бяцхан үрс маань тухтай орчинд эмнэлгийн бүх төрлийн тусламж үйлчилгээг авах боломж бүрдэнэ гэж Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва онцоллоо.
Эмнэлэг ашиглалтад орсноор хүн амын тоогоор тэргүүлэгч Сонгинохайрхан дүүрэгт хүүхдийн төрөлжсөн нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээг 24 цагаар үзүүлэх боломж бүрдэнэ. Мөн Баянгол дүүргийн захын хороод буюу 5, 7, 30 дугаар хорооны хүүхдүүдэд үйлчлэх юм.


