Хуеон Юу: Вайбэр чат болон ТВ нэвтрүүлэг хуурамч, эвлүүлэг байсан гэдгийг тогтоосон

Нийгэм
М.Ариунжаргал
М.Ариунжаргал
Унших: 2 мин 26 сек
10
13d13fea-7f7f-4db3-8f41-50df2522a9b5.webp

Солонгосын Цахим шүүх шинжилгээний төвийн захирал, цагдаагийн академийн хүндэт профессор Хуеон Юу-г Монголд ирээд байхад нь уулзаж цөөн асуултад хариулт авлаа.

Солонгосын Цахим шүүх шинжилгээний төвийн захирал Хуеон Юу     

-Та Монголд ямар ажлаар ирэв. Анх удаа ирж байгаа юу. Манай орон ямар санагдав?

-Монголд анх удаа ирлээ. Цаг агаар тогтуун сайхан байна. Солонгос-Монголын кибер аюулгүй байдлын чадавхыг бэхжүүлэх уулзалт семинарт оролцож, илтгэл тавихаар ирсэн.

-Дэлхий нийтээрээ цахим, сошиалаар амьсгалж байна. Энэ хэрээр энэ чиглэлийн гэмт хэрэг ч их гарах болж. Та энэ чиглэлийн мэргэжилтэн юм байна.  Та өөрийнхөө тухай товч ярихгүй юу.

-Би Солонгосын цагдаагийн байгууллагад 28 жил ажилласан. Мөн олон улсын Интерпол байгууллагад 3-4 жил ажилласан. Даруу бишээр хэлэхэд намайг цахим шүүх шинжилгээний үүсгэн байгуулагч эцэг ч гэж ярьдаг. Би мэргэжлээрээ үнэхээр бахархдаг. Гэмт хэргээс сэргийлэх, бас гэм буруутанг олоход тусалдаг.

-Таныг энд ирснийг дуулаад нэг юм асуухгүй байж чадсангүй. Та манай улсад дуулиан тариад байсан Ц.Элбэгдорж, П.Цагаан нарын харилцсан гэх вайбэр чатыг хуурамч, мөн Солонгос иргэнээс авлига авсан тухай телевизийн нэвтрүүлгийг эвлүүлэг болохын аль алиныг тогтоосон юм байна. Тэдгээрийг жинхэнэ биш хуурамч гэдгийг тогтооход хэцүү байв уу?

-Ориг биш хуурамч, эвлүүлэг гэдгийг тогтоох хэцүү биш байсан. Гэхдээ цаг их шаардсан. Олон зүйл судалсан. Бүх талаас нь анализ хийж шинжлэх ёстой юм.

ea312a58-4ad1-4643-9256-eaf04f994303.webp

  ЦЕГ-аас дэлгэсэн вайбэр чат. 2024.04.25


26b39a6b-706c-4105-8967-27a3bec4f4f4.webp


            Гавьяат хуульч Ц.Шаравдоржийн ТВ9-д өгсөн ярилцлагын дүрсийг Сүлд    студид солонгос хүнийхээр сольж эвлүүлсэн нэвтрүүлэг 2024.06.05

 

-Монголд ийм юм болоод байгаа гэдгийг мэдээд Та гайхсан уу?

-Өмнө нь иймэрхүү хэд хэдэн кейс дээр ажиллаж байсан. Засгийн газрын байгууллага нь ийм вайбэр чат байна гэж зарласан, тэгээд энэ чатаас болоод хүмүүс гүтгэгдсэн гэдгийг сонсоод чин сэтгэлээсээ, хамаг чадлаараа ажилласан. Сүүлийн үед хиймэл оюун ухаан ашиглаж гэмт хэрэг үйлдэх нь асар хурдацтай нэмэгдэж байгаа нь харамсалтай. Манай улсын 3 том банк хүртэл өртсөн.

-Таны тогтоосон энэ мэргэжлийн дүгнэлт шударга ёсыг тогтооход чухал ач холбогдолтой зүйл. Та цагдаагийн байгууллагад 28 жил ажилласан гэлээ. Хуурамч баримтаар хүнийг гэмт хэрэгтэн болгож болохгүй биз дээ. Тийм үү?

-Энэ хуурамч чат, телевизийн эвлүүлсэн нэвтрүүлгээс болоод хүмүүс хохирч байгааг сонсоод бүр их хичээсэн. Хуурамч баримтаар хэнийг ч гэмт хэрэгтэн болгож болохгүй. Шударга ёсны шаардлага.

-Таны гаргасан энэ дүгнэлт тайланг манай хууль хяналтын байгууллага  хүлээн зөвшөөрөх ёстой юу?

-Бидний дүгнэлт тайлан бол орчин үеийн технологи, тоног төхөөрөмж ашиглан тал бүрээс нь бүрэн хэмжээгээр судалж, мэргэжлийн өндөр түвшинд бичигдсэн үнэн бодитой тайлан гэдгийг баттай хэлмээр байна. Энэ бол хөдөлшгүй үнэн. Би олон жил цагдаагийн байгууллагад мөрдөгчөөр ажилласан туршлага дээрээ үндэслэж, Солонгосын болон олон улсад мөрдөгддөг стандарт дүрэм журмыг баримтлан гаргасан учраас манай дүгнэлт тайлан шүүхийн өмнө ч нотлох баримт болно. Тийм болохоор манай байгууллагын хийсэн дүгнэлт тайланг Монгол Улс ардчилсан орон учраас хүлээн зөвшөөрөх байх аа.

-Танд баярлалаа.

 

Б.АМГАЛАН