Түрээслээд өмчлөх орон сууцны бүртгэл энэ сард эхэлнэ

Нийгэм
UBn team
Унших: 1 мин 37 сек
00
MPA45580.webp

“Солонго-1,2”, “Ногоон нуур” 1008 айлын орон сууцны түрээслээд өмчлөх сонгон шалгаруулалт энэ сард эхэлнэ. Тодруулбал, энэ тухай Засгийн газрын тогтоол гараагүй байгаа тул энэ сардаа багтаж, гарахаар сонгон шалгаруулалтаа эхлэх аж. Сонгон шалгаруулалт 14 хоног үргэлжлэх бөгөөд иргэд ТОСК-ийн tosk.gov.mn сайтаар цахимаар бүртгүүлэх юм.

Төслийн орон сууцны нэг ам метр талбайн үнийг 4 сая 428 мянган төгрөгөөр тооцож байгаа аж.

Тухайлбал, 41 ам метр байр 181 сая 500 мянга, 42 ам метр байр 186 сая орчим, 46 ам метр байр 203 сая 600 мянга, 47 ам метр байр 208 сая 100 мянга, 49 ам метр байр 217 сая, 52 ам метр байр 230 сая 300 мянган төгрөгийн үнэтэй байх жишээтэй.

Сонгон шалгаруулалтад тэнцсэн иргэн мэдэгдэл авснаас хойш ажлын таван өдрийн дотор эхний гурван сарын түрээс болон гурван сарын түрээстэй тэнцэх хэмжээний барьцаа төлбөрийг төлөхөөр журамд тусгасан байна.

Мөн сонгон шалгаруулалтыг 100 онооны системээр эрэмбэлж, есөн зорилтот бүлгийн хүрээнд зохион байгуулах аж.

Түрээслээд өмчлөх орон сууцанд хэн хамрагдах вэ?

  • Төрийн албан хаагч
  • Хувиараа бизнес эрхлэгчид
  • Залуу гэр бүлүүд
  • Ахмад настан
  • 4 ба түүнээс дээш хүүхэдтэй гэр бүл
  • Өрх толгойлсон иргэн
  • Байгалын гамшигт орон гэрээ алдсан өрх
  • Хөгжлийн бэрхшээлтэй иргэд

Тавигдах үндсэн шаардлага юу вэ?

  • Улаанбаатар хотод байнга оршин суудаг, эрх зүйн бүрэн чадалтай, 18 насанд хүрсэн Монгол Улсын иргэн байх
  • Гэр хороололд амьдардаг, өөрийн өмчлөлийн инженерын хангамжтай орон сууцгүй, эсхүл өмчилж байгаагүй байх
  • Тогтвортой ажлын байртай, тухайн байгууллагадаа нэгээс дээш жил ажилласан байх.
  • Орон сууцны төлбөрийн нийт дүнгээс иргэн өөрийн боломжит хэмжээгээр урьдчилгаа төлбөрийг төлж болно.
  • Өрхийн сарын дундаж орлогын 45 хувиас илүүгүй нь түрээсийн төлбөр, орон сууцны өмчлөх төлбөрийг төлөхөд хүрэлцэхүйц байх.
  • Шүүхийн шийдвэрийн дагуу өр, төлбөрийн үүрэг хүлээгээгүй байх
  • Төрөөс хэрэгжүүлсэн орон сууцны хөнгөлөлттэй зээлийн хөтөлбөрт хамрагдаж байгаагүй байх
  • Түрээсийн орон сууцанд хамрагдах иргэнд тавигдах шаардлагыг хангасан байх.