ГССҮТ: Баавгайн халдлагад өртсөн эмэгтэйн биеийн байдал тогтворжсон

Баянзүрх дүүргийн Улиастай орчмын Бурхантын аманд аравдугаар сарын 7-ноос 8-нд шилжих шөнө баавгай айлын гэрт нэвтэрч, иргэд рүү халдсан хэрэг гарсан. Уг халдлагын улмаас нэг эрэгтэй амиа алдаж, эмэгтэй хүнд гэмтэл авсан.
Өнөөдрийн байдлаар өвчтөний биеийн байдал мэс заслын дараа тогтворжсон бөгөөд эмнэлгийн тусламж үйлчилгээг үргэлжлүүлэн үзүүлж, биеийн байдлыг нь улам сайжруулахад анхаарч ажиллаж байгаа аж.
Тухайлбал халдлагад өртсөн эмэгтэйг Гэмтэл согог судлалын үндэсний төвийн /ГССҮТ/ Салбар эмнэлэгт хүргэж, яаралтай тусламж үзүүлсэн.
Тэгвэл эмэгтэйн толгойн арьс их хэмжээгээр хууларч, гавлын яс цөмөрсөн хүнд гэмтэл авсан тул аравдугаар сарын 8-ны шөнө Эрчимт эмчилгээний тасагт анхны цэгцэлгээний мэс засал хийжээ. Улмаар нарийн мэргэжлийн оношилгоо, шинжилгээний дараа тухайн өдөр 14:00 цагийн үед Толгойн мэс заслын тасагт шилжүүлэн, гавлын ясны цөмөрсөн хугарлыг авч, тархины даралтыг бууруулах болон толгойн арьсны том хэмжээний шархыг дахин цэгцлэх мэс засал хийсэн байна.


