Ичээгүй БААВГАЙ, Ичихгүй ДАРГА нарын дунд ичиж хохирсон ИРГЭД

Баавгай ичээндээ орохгүй, дарга нар ичихгүй. Харин аюулын дунд иргэд л хохирсоор.
Баавгайг ичээндээ орохыг, дарга нарыг ичихийг хүлээсээр байх уу
Энэ сарын 7-8-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 35 дугаар хороо, Улиастайн Бурхантын аманд баавгай айлын гэр рүү дайрч, нэг хүний аминд хүрч, нэг хүнийг хүнд гэмтээсэн ноцтой хэрэг гарлаа. Цагдаагийн байгууллагын мэдээллээр, тухайн айлд хоёр хүн байсан бөгөөд эмэгтэй нь гэрээс гарч зугтсан учраас амьд үлджээ. Харин нөгөө иргэн баавгайд бариулж, амь насаа алдсан байна.
Баавгай айлын гэрт орж, хүн барьж, нэг хүний аминд хүрсний дараа төрийн байгууллагууд хөдөллөө. 41 хүн, 12 техник хэрэгсэл гаргаж, дрон, дулаан мэдрэгч ашиглан баавгай эрэн хайж байна. Дүүргийн Онцгой комисс үүрийн 04.00 цагт хуралджээ.
Гэхдээ энэ ажиллагааг хүний амь нас хохироогүй байхад эхлүүлж болохгүй байсан уу. Учир нь баавгай нийслэлд өчигдөр анх удаа үзэгдсэнгүй.
-Аюул ирсээр байсныг дуудлагын тоо хэлнэ-
2026 онд нийслэлд баавгай үзэгдсэн гэх 28 дуудлага бүртгэгдсэнээс 24 нь бодит байжээ. Нийслэлийн Байгаль орчны газарт баавгайтай холбоотой 597 мэдээлэл бүртгэгдсэн. Улсын хэмжээнд 11 аймаг болон нийслэлд баавгай үзэгдсэн тухай 754 бүртгэл байгаа аж.
Энэ бол ганц нэг удаагийн тохиолдол биш. Зэрлэг амьтан суурьшлын бүсэд ойртож байгаа тухай мэдээлэл хэдэн арваар, хэдэн зуугаар ирж байсан гэсэн үг.
Гэтэл өчигдөр шөнө Баянзүрх дүүргийн Улиастайн Бурхантын аманд баавгай айлын гэрт орж, нэг хүний амь насыг хохироож, нэг хүнийг хүнд гэмтээлээ.
Аюулын тухай мэдээлэл байсаар байхад аюул эцэст нь айлын хаалга татжээ.
-1 тэрбум төгрөгийн дараа юу өөрчлөгдөв-
Баавгайн аюулаас урьдчилан сэргийлэх, арга хэмжээ авахад ЗГ-ын нөөц сангаас 1 тэрбум 88 сая төгрөг зарцуулахаар шийдвэрлэж, зүү шидэгч буу, баавгай барих тор, шатахуун зэрэгт хөрөнгө зарцуулахаар төлөвлөсөн. Гэхдээ иргэн хүний хувьд асуух хамгийн энгийн асуулт байна.
Энэ мөнгөний үр дүн хаана байна?
Баавгайг барих хэрэгсэлтэй болсон уу гэдэг нэг асуудал. Харин баавгайг айлын гэрт орохоос нь өмнө илрүүлж, тухайн бүсийн иргэдэд бодит хамгаалалт үзүүлж чадсан уу гэдэг нь огт өөр асуудал. Өнөөдөр 1 тэрбум төгрөгийн арга хэмжээ яригдсан ч нэг хүн амиа алдлаа.
-Хүний амь нас хохирсны дараа “шуурхай” ажиллах амархан-
Одоо 41 хүн ажиллаж байна.
12 техник хэрэгсэл гарчээ.
Дрон нисгэж байна.
Дулаан мэдрэгч ашиглаж байна.
Дүүргийн комисс шөнө хуралдсан. Энэ бүхэн хэрэгтэй.
Гэхдээ урьдчилан сэргийлэх ажил гэдэг нь аюул гарсны дараа шуурхай ажиллахыг хэлдэггүй.
Баавгайг айлын гэрт орохоос өмнө илрүүлэх, аюултай бүсийг тогтоох, тэнд амьдарч буй иргэдийг мэдээллээр хангах, баавгай дахин дахин үзэгддэг газарт байнгын тандалт хийх.
Ийм тогтолцоо ажилласан бол өнөөдрийн 41 хүн, 12 техник хэрэгсэл хэзээ, хаана ажиллах байсан бэ. Энэ асуултын хариултыг холбогдох байгууллагууд өгөх ёстой.
-Баавгайг агнасан тоогоор асуудал шийдэгдэхгүй-
Улсын хэмжээнд найман аймагт 27 баавгай агнах зөвшөөрөл олгож, зөвшөөрлийн хүрээнд зургаан баавгай агнасан байна.
Гэхдээ баавгайг нэг нэгээр нь агнаж дуусгах нь урт хугацааны шийдэл биш. Яагаад гэвэл дараагийн баавгай хаанаас гарч ирэхийг өнөөдөр бид мэдэхгүй. Харин ямар шалтгаанаар зэрлэг амьтан суурьшлын бүсэд орж ирж байгааг тогтоох боломжтой.
Хоол тэжээлийн хомсдол уу, амьдрах орчинд нь хүний нөлөө нэмэгдсэн үү.
Хог, хүнсний үлдэгдэл зэрлэг амьтдыг татаж байна уу.
Ууланд зорчих, самар жимс түүх, мод бэлтгэх зэрэг хүний үйл ажиллагаа нөлөөлж байна уу.
Эдгээр асуултын хариуг тогтоохгүйгээр аюултай баавгай бүрийг хөөж, үргээж, агнаад байвал асуудал дахин давтагдана.
-Баавгай ичээндээ орно. Харин ичээнээс гарах үед асуудал ичээндээ орсон байх уу-
Баавгай хэдэн долоо хоногийн дараа ичээндээ орно. Харин иргэдийн айдас, төрийн байгууллагуудын хариуцлага, урьдчилан сэргийлэх тогтолцооны асуудал ичээндээ орохгүй.
Өнөөдөр нэг баавгайг хайж байна. Оллоо гэж бодъё. Дараагийнх нь яах вэ. Дараагийн уулын аманд баавгай үзэгдвэл дахин 41 хүн, 12 техник гаргах уу.
Дахин нэг хүн хохирсны дараа комисс хуралдах уу. Эсвэл энэ удаагийн эмгэнэлт явдлаас сургамж авч, баавгайг суурьшлын бүсэд орж ирэхээс нь өмнө илрүүлдэг, эрсдэлтэй айл өрхүүдээ хамгаалдаг, шуурхай мэдээлдэг тогтолцоог бий болгох уу.
Иргэдийн мэдээлсэн 597 дуудлага, 28 бүртгэл, 24 бодит тохиолдол зүгээр нэг статистик биш болсон. Тэр тоонуудын цаана өчигдөр нэг хүний амь нас байлаа.
Тиймээс энэ удаа асуултыг баавгайд биш, хариуцсан байгууллагуудад тавьж байна.


