ТАНИЛЦ: Монголын өмгөөлөгчдийн холбооны Ерөнхийлөгчид НЭР ДЭВШИГЧИД

Монголын өмгөөлөгчдийн холбооны Их хурал энэ сарын 10-нд болно. Уг хуралдаанаар Ерөнхийлөгчөө солихоос гадна Удирдах зөвлөлийн гишүүн, Мэргэжлийн хариуцлагын холбооны өмгөөлөгч гишүүн, Хяналтын зөвлөлийн гишүүдээ мөн солих юм.
Өнгөрсөн жилүүдэд өмгөөлөгч Л.Данзанноров МӨХ-ны Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан юм. Тэгвэл шинэ Ерөнхийлөгчид дөрвөн хүн дэвшихээр материалаа өгсөн байна. Тодруулбал, өмгөөлөгч Т.Одгал, М.Баасанбат, В.Ганболд, Ц.Энхцэнгэл нар нэрээ дэвшүүлжээ.
М.Баасанбат нь өдгөө Монголын Өмгөөлөгчдийн Холбооны дэд ерөнхийлөгчөөр ажиллаж буй. Тэрбээр
“Бридж констракшн” ХХК-д хүний нөөцийн менежер, Нийслэлийн Хан-Уул дүүргийн шүүхэд бичиг хүргэгч, нарийн бичгийн дарга, "Элч” хууль зүйн товчоонд өмгөөлөгч, Өмгөөллийн “Монгол элч консалтинг” ХХН-ийн өмгөөлөгчөөр ажиллаж байсан аж.
Т.Одгалын хувьд Монголын хуульчдын холбооны гишүүн. Өдгөө Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооны ажлын албаны даргаар ажиллаж байгаа тул өнөөдрийг хүртэл өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх эрхээ түдгэлзүүлээд ажиллаж байгаа аж.
В.Ганболд нь Монголын хуульчдын холбооны гишүүн юм байна.
Ц.Энхцэнгэл нь “Чинсан заргач” ХХК-ийн захирал, Монгол шуудан банкны Эрх зүйн зохицуулалтын хэлтсийн захирал, Ардчилсан намын улс төрийн ажилтан, Засгийн Газрын Хэрэг эрхлэх газрын хуулийн хэлтсийн шинжээч, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд Төлөөлөгчөөр сонгогдон ажиллаж байсан юм.


