БОУАӨЯ: Баавгай нь Монгол Улсын нэн ховор амьтдын тоонд багтдаг

Нийслэлийн Баянзүрх дүүргийн Улиастайн Бурхантын ам орчимд баавгай айлын гэрт нэвтэрч, 40 настай эрэгтэйг барьж амь насыг нь хохироосон бол 55 настай эмэгтэй хүнд гэмтсэн хэрэг гарсан. Тус айлд шөнийн 01:00 цагийн орчимд баавгай нэвтэрсэн бөгөөд эмэгтэйг ГССҮТ-д хүргэн эмнэлгийн тусламж үзүүлж байна.
Үүнтэй холбоотойгоор НОБГ болон Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамнаас мэдээлэл хийлээ.
НОБГ-ын мэдээлснээр нийслэлд баавгай орж ирсэн тохиолдол 2018 онд хоёр, 2019 онд нэг бүртгэгдэж байжээ. Үүнээс хойш нийслэлд баавгай үзэгдсэн тохиолдол бүртгэгдээгүй байна. Баавгай нь Монгол Улсын нэн ховор амьтдын тоонд багтдаг байна.
Харин 2026 онд нийслэлд баавгай үзэгдсэн гэх 28 дуудлага бүртгэгдсэнээс дөрөв нь андуурал байсан бөгөөд зарим тохиолдолд AI-аар бүтээсэн баавгайн зураг ашигласан нь тогтоогджээ.
Орон нутагт баавгай гэр орон руу дайрч, сүйтгэсэн 80 орчим тохиолдол, мөн мал, үхэр рүү дайрсан 30 гаруй тохиолдол бүртгэгдсэн байна.
Одоогоор баавгайг унтуулах зориулалттай зүү шидэгч буу байхгүй байгаа аж. Үүнтэй холбоотойгоор 188 сая төгрөгийн төсөв гаргаж, зүү шидэгч буу худалдан авахын зэрэгцээ орон нутагт ажиллаж буй алба хаагчдын шатахуун, томилолтын зардалд зарцуулахаар төлөвлөжээ.
БОУАӨЯ-ны мэдээлснээр суурьшлын бүсэд ойртсон баавгайн 80 хувь нь бамбарууш дагуулсан байжээ. Одоогоор суурьшлын бүс рүү ойртсон зургаан баавгайг агнасан байна.
Мөн Хэнтий аймгийн лабораторид баавгайд хийсэн задлан шинжилгээгээр ходоодонд нь хоол тэжээл, эрдэс бодис байхгүй байсан нь тогтоогдсон гэж мэдээлэв.
Энэ жил самар түүх зөвшөөрлийг зөвхөн Өвөрхангай аймгийн нэг суманд ахуйн зориулалтаар олгож, 200 тонн самар түүх зөвшөөрөл өгсөн байна.
Иймд албаныхан иргэдийг ой, уулын бүс болон суурьшлын бүсийн ойролцоо зорчихдоо сонор сэрэмжтэй байхыг анхаарууллаа. Ялангуяа бага насны хүүхдийг хараа хяналтгүй орхихгүй байх, хүнсний хаягдал болон хоол хүнсийг ил задгай хаяхгүй байх, баавгайтай таарсан тохиолдолд ойртож зураг авах, үргээхийг оролдохгүй байхыг зөвлөлөө.


