Баавгайд самардуулсан эмэгтэй толгойн хэсэгтээ том хэмжээний хуулагдаж, цөмрөлт цууралттай, цээж хэвлийн хэсэгт дарагдсан байдалтай ГССҮТ-д эмчлүүлж байна

ГССҮТ-ийн Салбар эмнэлгийн Яаралтай тусламжийн тасагт аравдугаар сарын 7-ны шөнийн 01:00 цагийн үед “баавгайд бариулсан” гэх оноштой иргэн хүргэгдэн иржээ. Тодруулбал, өнгөрсөн шөнө 01.00 цагийн үед БЗД, Улиастайн Бурхантын аманд голын эрэг дагуу байсан гэр рүү баавгай дайрсан байдаг. Үүний улмаас 40 настай эрэгтэй баавгайд бариулж нас барсан бол 55 настай эмэгтэй баавгайд самардуулаад амжиж зугтсан байна.
Баавгайд самардуулсан эмэгтэйн биеийн байдал хүнд байгаа бөгөөд толгойн хэсэгт том хэмжээний хуулагдсан шарх, цөмрөлт, цууралт үүссэн байна. Мөн цээж, хэвлийн хэсэг дарагдаж, шахагдсан зовиуртай иржээ.
Эмнэлгийн зүгээс мэдрэлийн мэс заслын болон шаардлагатай тусламж үйлчилгээг шуурхай үзүүлж, өвчтөний биеийн байдлыг тогтворжуулах арга хэмжээ авч байгаа аж.
ГССҮТ-өөс хотын бүсэд зэрлэг ан амьтан, тэр дундаа баавгай орж ирсэнтэй холбоотойгоор иргэдийг гэр, хашаа болон амьдарч буй орчныхоо аюулгүй байдалд анхаарахыг зөвлөлөө.
Мөн холбогдох байгууллагууд зэрлэг баавгайн халдлагаас урьдчилан сэргийлэх, иргэдийн амь нас, эрүүл мэндийг хамгаалахад чиглэсэн арга хэмжээг эрчимжүүлэх шаардлагатайг онцолжээ.

