Коронавирусын үеийг санаж байна уу Маск зүүх нь айдас биш, өөрийгөө хайрлах энгийн дадал

Коронавирусын халдвар дэлхий нийтийг хамарсан тэр үед амны хаалт бидний өдөр тутмын амьдралын нэг хэсэг байлаа. Автобусанд суухдаа, дэлгүүр орохдоо, олон хүнтэй газар зорчихдоо маскаа зүүдэг, хажууд байгаа хүнээ бодож халдвар тараахаас сэргийлдэг байсан үе саяхан.
Харин нөхцөл байдал намжихын хэрээр бид маскаа тайлж, гар угаах, зай барих, өвдсөн үедээ бусдаас өөрийгөө тусгаарлах зэрэг энгийн дадлуудаа ч мартаж эхэлсэн.
Одоо ОХУ-ын Иркутск мужид гарсан нэгэн тохиолдол дэлхий нийтийн анхаарлыг дахин татаж байна. Тус бүсийн тахлын эсрэг судалгааны хүрээлэнд ажилладаг эмэгтэй аравдугаар сарын 2-нд тодорхойгүй шалтгаант хатгалгаа өвчнөөр нас барсан бөгөөд уушгины тахал байсан эсэхийг шалгаж эхэлсэн. Түүнтэй хавьтал болсон хүмүүсийг эмнэлгийн хяналтад авчээ. Гэхдээ одоогоор уушгины тахлын халдвар батлагдсан гэж хэлэх үндэслэл байхгүй бөгөөд ОХУ-ын эрүүл мэндийн байгууллага хавьтлуудаас аюултай халдварын үүсгэгч илрээгүй гэж мэдээлсэн.
ДЭМБ ч мөн нөхцөл байдлыг ажиглаж байгаа бөгөөд одоогийн мэдээллээр нийт хүн амд учрах эрсдэлийг бага гэж үнэлжээ.
Гэхдээ энэ мэдээлэл биднийг нэг зүйлийг бодоход хүргэж байна.
-Өвчин хилээр орж ирсний дараа л хамгаалалтаа эхлүүлэх ёстой гэж үү-
Уушгины тахал нь Yersinia pestis нянгаар үүсдэг бөгөөд өвчтэй хүний амьсгалын замын халдварт дуслаар дамжих боломжтой. ДЭМБ-ын мэдээлснээр өвчнийг эрт илрүүлж, антибиотик эмчилгээг цаг алдалгүй эхлүүлбэл эмчлэх боломжтой.
Тиймээс энд яригдаж байгаа зүйл зөвхөн тахлын тухай биш.
Өвөл болж, ханиад томуу нэмэгддэг энэ үед автобус, сургууль, ажлын байр, худалдааны төв гээд олон хүн нэг дор цугладаг орчинд маск зүүх нь зөвхөн халдварын дэгдэлтийн үед хийх арга хэмжээ биш, өөрийгөө болон бусдыг бодсон энгийн соёл байж болно.
Коронавирусын үед маск зүүгээд ажилдаа явж байсан, автобусанд масктай сууж байсан, өвдсөн үедээ гэртээ үлдэж байсан тэр дадлууд бидний амьдралд хэрэггүй болсон зүйл биш.
Харин ч өвөл бүр хэрэгтэй хэвээр.
Өвчин орж ирэхийг хүлээгээд маскаа зүүх биш. Өөрийгөө хайрладаг хүн өөрийгөө өвдөхөөс өмнө хамгаалдаг.
Өнөөдөр нэг маск зүүх нь хэтрүүлэг мэт санагдаж болох ч маргааш хажууд байгаа өндөр настай хүн, хүүхэд, жирэмсэн эмэгтэй, дархлаа султай нэгнийг халдвараас хамгаалж ч мэднэ.
Тиймээс “надад л тусахгүй” гэж бодохын оронд,
“Би өөрийгөө хамгаалъя. Бас хажууд байгаа хүнийг бодъё”
гэдэг энгийн хандлага бидэнд хэрэгтэй байна.
Маск бол айдсын бэлгэдэл биш.
Өөртөө болон бусдад тавьж буй анхаарал юм.


