Энэ өвөл гэр хорооллын 6,000-10,000 айлд цахилгаан дулаан хураагуур туршина

Нийгэм
М.Ариунжаргал
Унших: 1 мин
02
IMG_1307-1.webp

Энэ өвөл гэр хорооллын 6,000-10,000 айл өрхөд цахилгаанаар халаадаг дулаан хураагуурын технологийг туршихаар төлөвлөжээ.

Хотын дарга Б.Пүрэвдагвын мэдээлснээр нийслэлд оргил ачааллын үед 2,170 МВт, шөнийн цагаар 1,000 МВт орчим цахилгаан эрчим хүч хэрэглэдэг бөгөөд 170 МВт-ын дутагдалтай байна.

Иймээс гэр хорооллын айл өрхүүдийн цахилгаан халаалтын хэрэглээг зохицуулах зорилгоор 5-10 МВт-ын жижиг батарей хураагуур байрлуулах, мөн 219,000 айл өрхийг цахилгаан эх үүсвэрээр халаах боломжийн тооцооллыг хийж байгаа аж.

Мөн өмнө нь гэр хорооллын 5,000 айлыг хийн зуухаар хангасан ч уг шийдэл өндөр өртөгтэй байгааг хотын дарга хэллээ. Тухайлбал, хийн зуухны үнэ 6.5 сая төгрөг бөгөөд айл өрхүүд цаашид хийн түлш худалдан авч хэрэглэдэг. Нийслэлээс эдгээр айлд нэг өвлийн хугацаанд 900,000 төгрөгийн урамшуулал олгож байгаа нь урт хугацаанд хэрэгжүүлэх боломжтой загвар биш гэж үзэж байна.

Тиймээс илүү бага зардлаар, үр ашигтай халаалтын хувилбаруудыг эрэлхийлж байгаа бөгөөд энэ хүрээнд дулаан хураагуурын технологийг туршихаар болжээ.

Б.Пүрэвдагва “Улаанбаатар хот дулаан болон цахилгаан эрчим хүч, дэд бүтцийн эрсдэлтэй хот тул томоохон төслүүдээ яаралтай хийж дуусгах шаардлагатай” гэв.