Дүүжин тээврээр зорчих үнэ 1,500-2,000 төгрөг байхаар төлөвлөжээ

Нийгэм
М.Ариунжаргал
Унших: 1 мин
01
ubn-v2-media-roj7spu_-3.webp

Яармагаас Хархорин худалдааны төв хүртэлх дүүжин тээврийн зорчих үнийг 1,500-2,000 төгрөг байхаар төлөвлөж, эдийн засгийн тооцоолол хийж байна.

Энэ талаар хотын дарга Б.Пүрэвдагва өнөөдөр сэтгүүлчдийн асуултад хариулах үеэр мэдээллээ.

Тэрбээр “Дүүжин замын тээврийн кабинуудад хүн суулгахгүйгээр элс, ус хийж даацын туршилтыг явуулж байна. Зорчих үнийг 1,500-2,000 төгрөгөөр төлөвлөж, эдийн засгийн тооцоолол хийж байгаа” гэв.

Яармагаас Хархорин худалдааны төв хүртэлх чиглэлд иргэдийн сэтгэл ханамж өндөр байвал Хархорин худалдааны төвөөс хотын төв хүртэл дүүжин тээврийн шугамыг үргэлжлүүлэх боломжийг судлахаар төлөвлөжээ.

Улсын комисс хүлээн авсны дараа дүүжин тээврийг арванхоёрдугаар сарын 15-наас үйлчилгээнд явуулахаар төлөвлөж байна.

Тус дүүжин тээвэр 10 хүний багтаамжтай 98 кабинтай бөгөөд Яармагаас Хархорин худалдааны төв хүртэл 4.2 км урт шугамаар зорчино. Нийт 19 тулгуур багана, хоёр буудалтай бөгөөд хоёр буудлын хоорондох замыг ойролцоогоор 11 минут туулна.

Мөн нэг чиглэлд цагт 2,300 орчим зорчигч тээвэрлэх хүчин чадалтай. Өвлийн улиралд ган татлагад мөс тогтсон тохиолдолд арилгах зориулалттай эд ангийг суурилуулжээ.