Ургац хураалт 67-83 хувийн гүйцэтгэлтэй байна

Нийгэм
М.Ариунжаргал
Унших: 1 мин 28 сек
01
2e3c68_Wheat_x974.webp

Улсын хэмжээнд энэ оны ургац хураалтын ажил үргэлжилж байна. Улсын ургацын комиссын мэдээлснээр аравдугаар сарын 6-ны байдлаар нийт тариалсан талбайн 67 хувийн үр тариа, 83 хувийн төмсийг хураан авчээ.

Тодруулбал, 243.3 мянган га талбайгаас 338.5 мянган тонн үр тариа, 10.7 мянган га талбайгаас 134.3 мянган тонн төмс, 9.3 мянган га талбайгаас 138.4 мянган тонн хүнсний ногоо хураан авсан байна.

Мөн 45.4 мянган га талбайгаас 124.1 мянган тонн малын тэжээл, 27.6 мянган га талбайгаас 14.6 мянган тонн тосны ургамал хураажээ.

Улсын хэмжээнд энэ онд нийт 580.4 мянган га талбайд тариалалт хийсэн бөгөөд үүнээс 369.7 мянган га-д үр тариа, 12.8 мянган га-д төмс, 13.4 мянган га-д хүнсний ногоо, 94.1 мянган га-д малын тэжээл, 90.4 мянган га-д тосны ургамал тариалсан байна.

Ургацын урьдчилсан балансаар энэ онд 555.3 мянган тонн үр тариа, үүнээс 497.1 мянган тонн улаанбуудай, 168.2 мянган тонн төмс, 218.4 мянган тонн хүнсний ногоо, 50.4 мянган тонн тосны ургамал, 201.8 мянган тонн малын тэжээл хураан авах төлөвтэй байна.

Ургац хураалтын ажилд одоогоор 951 комбайн, 609 жатка, 230 үтрэм, 1058 үр тариа цэвэрлэх тоног төхөөрөмж, 453 төмс, хүнсний ногоо хураах тоног төхөөрөмж ажиллаж байна.

Мөн Засгийн газрын 2026 оны 286 дугаар тогтоолын дагуу ургац хураалтад нийт 25,324 хүн оролцож байна. Үүнд их, дээд сургуулийн 421 оюутан, Дотоод хэргийн их сургуулийн 645 сонсогч, Хил хамгаалах байгууллагын 135 цэрэг, Зэвсэгт хүчний жанжин штабын 18 анги нэгтгэлийн 1554 цэрэг, Үндэсний батлан хамгаалах их сургуулийн 676 сонсогч, байнгын 21,500, түр 393 ажилтан багтжээ.

Дотоодын үйлдвэрлэл, хангамжийг тогтворжуулах зорилгоор энэ онд 100 мянган тонн улаанбуудай нөөцлөхөөр төлөвлөсөн бөгөөд аравдугаар сарын 5-ны байдлаар 52.6 мянган тонн буюу зорилтот нөөцийн талаас илүүг бүрдүүлсэн байна.