ҮХЦ-ийн Их суудлын хуралдааныг аравдугаар сарын 23-нд товлолоо

Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.1 дэх хэсэгт “Тойрогт ногдсон мандатын тооноос илүү, эсхүл дутуу нэр дэвшигчийн төлөө санал тэмдэглэсэн, нам, эвслийн санал тэмдэглэх хэсэгт нэгээс илүү нам, эвсэлд санал тэмдэглэсэн саналын хуудсыг хүчингүйд тооцно.” гэж заасны “… дутуу …” гэсэн нь Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Улсын Их Хурлын гишүүнийг Монгол Улсын сонгуулийн эрх бүхий иргэд … чөлөөтэй … сонгох эрхийн үндсэн дээр … сонгоно.” гэснийг зөрчсөн эсэх тухай маргааныг дахин хянаж, эцэслэн шийдвэрлэх Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаан өнөөдөр боллоо.
Хуралдааны үеэр УИХ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч, УИХ-ын гишүүн А.Ариунзаяагаас ирүүлсэн хуралдааныг хойшлуулах хүсэлтийг уншиж танилцуулав. Тодруулбал, УИХ-ын гишүүн А.Ариунзаяа нь хүсэлтдээ маргааныг шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тал бүрээс нь бүрэн, бодитой хянан үзэх, маргагч талуудад эрх тэгш, чөлөөтэй мэтгэлцэх боломж олгох шаардлагатай байгааг дурджээ.
Иймд маргааныг шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг бүх талаас нь бүрэн, бодитой хянан үзэх, талуудад эрх тэгш, чөлөөтэй мэтгэлцэх боломж олгох шаардлагатай гэж үзэн Үндсэн хуулийн цэцийн Их суудлын хуралдааныг 2026 оны аравдугаар сарын 23-ны өдрийн 09:30 цагт Үндсэн хуулийн цэцийн хуралдааны танхимд нээлттэй хийхээр товлосон байна.



