Энхтайваны өргөн чөлөөнд нийтийн тээврийн автобусны хурд 15-16 км/цаг болжээ

Энхтайвны өргөн чөлөө буюу нийслэлийн төв замаар зорчиж буй нийтийн тээврийн автобусны ашиглалтын хурд нэмэгдсэн байна.
Нийтийн Тээврийн Бодлогын Газрын тээврийн бодлого, төлөвлөлт хариуцсан ахлах мэргэжилтэн Ш.Оюумаагийн мэдээлснээр "Өмнөх жилүүдэд тус чиглэлд нийтийн тээврийн автобус дунджаар 12 км/цагийн хурдтай зорчдог байсан бол өнөөдрийн байдлаар 15-16 км/цаг болсон гэнэ.
Энэ нь нийслэлийн авто замын түгжрэлийг бууруулах, хөдөлгөөнийг шуурхай зохицуулах зорилгоор Замын хөдөлгөөний удирдлагын төвд Шуурхай штаб ажиллаж эхэлсэнтэй холбоотой аж.
Тус штаб нь түгжрэл ихтэй цэгүүд болон ачаалалтай цагуудад гэрлэн дохио, замын хөдөлгөөний зохицуулалт болон бусад шуурхай арга хэмжээгээр хөдөлгөөнийг дэмжин ажиллаж байгаа юм.
Мөн бусад гудамж, замд нийтийн тээврийн автобусны ашиглалтын хурд өмнөх үеэс нэмэгдсэн үзүүлэлттэй байгааг мэдээллээ.
Нийслэлийн хэмжээнд нийт 1,172 автобус иргэдэд үйлчилж байгаа бөгөөд Шуурхай штабын удирдлага дор Замын хөдөлгөөний удирдлагын төв, Нийслэлийн Замын хөгжлийн газар, нийтийн тээвэр, эрүүл мэнд, онцгой байдлын байгууллагууд 365 хоногийн хугацаанд нэгдсэн зохион байгуулалтаар ажиллах юм.



