Годрон өвчний улмаас малаа алдсан малчдын хохирлыг ЗГ-ын нөөц сангаас барагдуулж, дараа нь буруутай этгээдээр нөхөн төлүүлнэ

Ерөнхий сайд Н.Учрал мал, амьтны гоц халдварт ямааны годрон өвчин, мөн ОХУ-ын Эрхүү мужид үүссэн байж болзошгүй халдварт өвчний нөхцөл байдалтай холбогдуулан /2026.10.06/ шуурхай хурал зарлаж, холбогдох албаныханд чиглэл өглөө.
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбат годрон өвчний нөхцөл байдлын талаар мэдээлэв. 2026 оны есдүгээр сард Улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лабораторийн шинжилгээгээр Говь-Алтай аймгийн Цогт, Дэлгэр сум, Төв аймгийн Алтанбулаг суманд ямааны годрон өвчин батлагдсан. Энэ сарын 05-ны байдлаар хоёр аймгийн гурван суманд гурван голомт бүртгэгдсэн. 28 өрхийн 637 ямаа өвчилж, 16 өрхийн 6,296 ямааг устгалд оруулжээ. Мөн арван аймгийн 13 байршилд хээлтүүлэгч мал нийлүүлсэн нь тогтоогдсон байна.
Малыг улсын хилээр ямар зам, нөхцөлөөр нэвтрүүлсэн, гарал үүсэл болон импортын баримт бичигтэй байсан эсэхийг тогтоолгохоор Тагнуулын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газарт хандаж, хилээр нэвтрүүлсэн болон олон байршилд борлуулж, шилжүүлсэн замыг холбогдох баримтаар шалгуулж байгаа гэлээ. Өвчний тархалтыг зогсоох, бусад аймаг суманд тархахаас сэргийлэхийн тулд мөшгөн тандалт, лабораторийн оношилгоог эрчимжүүлэх, тархалтын хүрээг бүрэн тогтоох, нөөц санхүүжилтийг шийдвэрлэх шаардлагатай. Тухайлбал, Биокомбинатад ямааны годрон өвчний вакцин гаргаж авахад 1.5 тэрбум төгрөгийн санхүүжилт шаардлагатай болжээ.
Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга Н.Номтойбаяр ОХУ-ын Эрхүү мужид үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан мэдээлэл өгөв. Эрхүү мужид 200 гаруй хүнийг тусгаарласан. Казахстан, Узбекистан зэрэг улс хилийн хорио цээр, лабораторийн хяналтаа эрс сайжруулж байна. Улсын онцгой комисс төлөвлөгөө гаргаж шуурхай ажиллаж байна гэлээ.
Ерөнхий сайд Н.Учрал, нэн тэргүүнд малчдыг хохиролгүй болгох ёстой. Годрон өвчний вакцин үйлдвэрлэх санхүүжилт болон малчдад нөхөн төлбөр олгох асуудлыг Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлэнэ. Дараа нь гэм буруутай этгээдээр төлбөрийг нөхөн төлүүлэх ёстой гэв.
Ерөнхий сайд шуурхай хурлын үеэр албаныханд дараах чиглэлийг өглөө. Үүнд:
1.”Мал, амьтны гоц халдварт ямааны годрон өвчний талаар авах арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолын төслийг боловсруулж Засгийн газрын хуралдаанд хэлэлцүүлэхийг Монгол Улсын Шадар сайд Н.Номтойбаяр, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбат нарт;
2.Годрон өвчнийг тараах нөхцөл бүрдүүлсэн этгээд нь үржлийн мал импортлох аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрөлтэй эсэх, импортын мэдэгдэл, гаалийн бүрдүүлэлт байгаа эсэхэд холбогдох хяналт шалгалтыг яаралтай явуулах, дүнг танилцуулахыг Засгийн газрын хяналт хэрэгжүүлэх газрын дарга П.Батбаатар, Цагдаагийн ерөнхий газрын дарга Ж.Болд, Гаалийн ерөнхий газрын дарга П.Дэлгэрнаран нарт;
3.Удам гарваль, гарал үүсэл тодорхойгүй үржлийн малыг малчдад худалдан борлуулсан буруутай этгээдийг тогтоож, хариуцлага тооцохыг Цагдаагийн ерөнхий газрын дарга Ж.Болд, Тагнуулын ерөнхий газрын дарга П.Одонбаатар нарт;
4.Өвчний халдварын голомтыг таслан зогсоох зорилгоор зориудаар устгасан ямааны тоо, малчин өрхийн мэдээллийг нарийвчлан гаргаж, нэн тэргүүнд малчдыг хохиролгүй болгох, цаашлаад буруутай этгээдээр төлүүлж, малчдыг хохиролгүй болгох арга хэмжээ авахыг Монгол Улсын Шадар сайд Н.Номтойбаяр, Цагдаагийн ерөнхий газрын дарга Ж.Болд, Тагнуулын ерөнхий газрын дарга П.Одонбаатар нарт;
5.Годрон өвчний сэжигтэй үржлийн хээлтүүлэгч нийлүүлэгдсэн 10 аймгийн 13 байршлын мөшгөн тандалтыг бүрэн дуусгаж, эрсдэлтэй сүргийг лабораторийн шинжилгээнд хамруулахыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбат, Мал эмнэлгийн ерөнхий газрын дарга Х.Алтангэрэл нарт;
6.“Хүнс, хөдөө аж ахуй салбарын 2026-2027 оны өвөлжилт, хаваржилтын бэлтгэлийг хангах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын 2026 оны долоодугаар сарын 01-ний 286 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангаж, 21 аймаг, нийслэлд хаврын улирлын хүнсний хэрэгцээнд зориулан бэлтгэх нөөцийн махны чанар, эрүүл ахуйн шаардлагыг бүрэн хангуулж, нөөцийг бүрдүүлэхийг аймаг, нийслэлийн Засаг дарга нарт;
7.Арилжааны банкны шаардлага хангахгүй хувийн хэвшлийн нөөцийн мах бэлтгэх санхүүжилтийг “Нийслэлийн өмчит Улаанбаатар хөрөнгө оруулалт, менежмент ҮЦК”-аас санхүүжүүлэх талаар мэдээллээр хангаж ажиллахыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагвад;
8.Хил орчмын бүс нутагт зэрлэг амьтны тандалт судалгааг мэргэжлийн байгууллагууд хамтран зохион байгуулах, мал эмнэлгийн байгууллагыг бодит мэдээллээр хангах, улсын хилээр нэвтэрч байгаа хүн, тээврийн хэрэгслийн хяналт, шалгалтыг чангатгаж, халдваргүйтгэлийг зааврын дагуу иж бүрэн хэрэгжүүлэхийг хилийн бүсийн аймгуудын Засаг дарга, Хил хамгаалах ерөнхий газрын дарга Ж.Бямбасүрэн нарт;
9.Мал хээлтүүлгийн улирал эхэлж байгаатай холбогдуулан хээлтүүлэгч малыг өвчний эрсдэлтэй бүс нутгаас худалдан авахгүй байх, сэжиг илэрсэн нөхцөлд тухайн орон нутгийн мал эмнэлгийн байгууллагад мэдэгдэх, ямааны годрон өвчнөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр сэрэмжлүүлэг, мэдээллийг малчид, мал аж ахуйн үйлдвэрлэл эрхлэгчид, ард иргэдэд тогтмол хүргэж ажиллахыг Мал эмнэлгийн ерөнхий газрын дарга Х.Алтангэрэл, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт;
10.Гаалын ерөнхий газрын “Гаалийн төв лаборатори”, Мал эмнэлгийн ерөнхий газрын “Мал эмнэлэг, ариун цэврийн төв лаборатори”, Стандарт, хэмжил зүйн газрын “Хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлагаа лаборатори”-ийн мэдээлэл солилцох боломжийг бүрдүүлж, хариу арга хэмжээ шуурхай авч ажиллахыг Монгол Улсын Шадар сайд Н.Номтойбаярт;
11.Үндэсний статистикийн хороо, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам Монгол Улсын махны дотоодын үйлдвэрлэлийн тоон мэдээллийг нэгтгэж, мэдээллийн зөрүүгээ арилгахыг тус тус чиглэл болголоо.


